Орон нутгийн 2011 оны ИТХ-ын дараах төсвийн нэгтгэлийн үр дүнгийн талаар болон Аймаг, орон нутагт гаргаж буй хууль зөрчсөн шийдвэрүүд

April 13, 2011 · Нийтэлсэн: · 1 Сэтгэгдэл   Post to Twitter

1. ГАРЧ БУЙ ЗӨРЧИЛ

Монгол Улсын Үндсэн хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин хууль бус үйлдлийг зарим аймгийн удирдлагаас гаргаад буй тул Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, дахин давтуулахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авах, албан даалгавар гаргуулах шаардлагатай байна. Иймд үүсээд буй зөрчилийг арилгах үүднээс чиглэл өгнө үү. Үүнд:

  • Баянхонгор аймаг 2010 оны төсвийн тодотголыг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ИТХ-аараа хэлэлцүүлэн 120 сая төгрөг, мөн 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ИТХ-аараа аймгийн 2010 оны давсан орлого 109.4 сая төгрөгийг хуваарилах шийдвэрийг гаргасан байна. Энэ байдлаас үзэхэд төсвийн санхүүгийн жил дуусгавар болсон байхад төсөв хуваарилуулсан нь тус аймаг батлагдсан төсвийн төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргаж төсвийн хууль зөрчсөн байна.

Мөн аймгууд 12 дугаар сарын 20-ноос хойших хугацаанд төсөвтөө тодотгол хийлгэх хандлага нийтлэг байсаар байна. Иймд 12 сард төсөвтөө тодотгол хийхгүй байх чиглэлийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргуулах шаардлагатай байна.

  • Орон нутгийн орлогын гүйцэтгэлийг 2010 оны төсвийн тодотголын төлөвлөгөөтэй харьцуулбал бүх аймгийн орлого давж биелсэн боловч орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэхээр батлагдсан 11.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээгүй байна. Үүнд,
  1. Булган аймаг 228.9 сая төгрөг
  2. Дорноговь аймаг 308.5 сая төгрөг
  3. Өмнөговь аймаг 5,746.1 сая төгрөг
  4. Сүхбаатар аймаг 708.6 сая төгрөг
  5. Сэлэнгэ аймаг 4,189.3 сая төгрөг тус тус төвлөрүүлээгүй болно.

Аймгийн Засаг дарга нар ИТХ-даа төсвийн төслөө боловсруулан оруулдаг бөгөөд орлого нэмэгдсэн ч зарлагаа нэмэгдүүлэн батлуулж зарцуулах замаар төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалж байгаа нь тэдний үйл ажиллагааны зохион байгуулалттай шууд холбоотой гэж үзэхээр байна. Иймд нэн тэргүүнд улсын төсвийн төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхийг хатуу анхааран ажиллахыг аймгийн Засаг дарга нарт Засгийн газраас даалгуулах нь зүйтэй байна.

  • УИХ-аас баталсан улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулсан шийдвэр 2009 онд Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймгууд, 2010 онд Сүхбаатар, Орхон аймгуудын  ИТХ-аар гарч байсан бол 2011 онд давтагдан Өмнөговь, Өвөрхангай аймгаас нийт 18.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж ИТХ-аас нь үзжээ.

Өвөрхангай аймаг Бичил уул уурхайн хууль, эрх зүйн орчин бий болсоноор хувиараа алт олборлогч иргэнээс авах татвар орон нутагт хүндрэл үүсгэсэн тул улсын төсөвт төвлөрүүлэх 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй, Өмнөговь аймаг орлогыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн байгаа тул улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр ИТХ-аас гаргасан гэдгийг тус тус мэдэгдээд байна. Эдгээр асуудлыг төсвийн тодотголоор авч үзэх шаардлагатай байгаа ч ИТХ-аас УИХ-ын баталсан улсын төсвийн орлогын батлагдсан дүнг бууруулж баталдаг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна.

  • Өвөрхангай аймгийн 2011 оны төсвийн төлөвлөгөөнд Замын санд төвлөрөх орлогыг 220 сая төгрөгөөр төлөвлөн түүнийг хуулийн дагуу зам засварын хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой ч урсгал зардлаа санхүүжүүлэхээр баталжээ. Өвөрхангай аймаг 2011 онд орлогын төлөвлөлтөөс шалтгаалан төсөв хүндэрсэн ч дахин хууль зөрчих нөхцөл үүсэхээр байна. Бусад бүх аймаг замын сангийн орлогоо зориулалтын дагуу зарцуулахаар төлөвлөсөн болно.
  • Мөн 2011 оны төсөвт аймаг бүрт хөрөнгө оруулалт хийхээр тооцон зардлыг нэмэгдүүлсэн ба Баян-Өлгий аймагт улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор батлагдсанаас 916.6 сая төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар байна.

Аймгийн ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Баян-Өлгий аймаг нь хувийн сургууль, эмнэлэг, интернет кафед нийт 47.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталж, төсвийн хууль зөрчин төсвөөс гадуур зардал гаргахаар төлөвлөсөн байна. Төсвийн тодотголоор тус аймгийн санхүүгийн дэмжлэгийн дүнг 47 сая төгрөгөөр бууруулах саналтай байна.

  • Сүхбаатар аймаг 2011 онд орон нутгийн хөрөнгө оруулалтын зардалын төлөвлөгөөгөө ИТХ-раа батлахдаа 43.2 сая төгрөгийг урсгал зарлага буюу цалингийн зардалд зарцуулахаар баталж, төсвийг зориулалтын бус зүйлд төлөвлөн хууль зөрчсөн байна.
  • ИТХ-аар дүүргийн төсвийн баталж нэгтгүүлээгүй гэсэн шалтгаанаар Нийслэл 2011 оны батлагдсан төсвийн нэгтгэсэн дүнгээ одоо болтол ирүүлээгүй байгаа нь ТБУСТХуулийн орон  нутгийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлах талаар 58.1, 58.3, 58.4-д заасан холбогдох заалтууд зөрчигдөөд байна. Нөгөө талаар ИТХ нь төсвөө батлаагүй байхад зарлага санхүүжилт хийгдэж байгаа юм. Удаа дараа давтагдаж байгаа тус асуудлаар Нийслэлийн Засаг даргад анхааруулга өгөх шаардлагатай байна.

Цаашид орон нутгийн удирдлага ижил төстэй алдаа, хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх үүднээс хатуу арга хэмжээ авах нь орон нутгийн төсвийн удирдлагыг бэхжүүлэх, зөв горимоор удирдах, Улсын Их хурал болон бусад субъектүүдээс баталж өгсөн хуулийг хэрэгжүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

УИХ-д өргөн бариад байгаа Төсвийн тухай хуулийн төсөлд дээр дурдсан зөрчлүүдийг зохицуулахаар тодорхой зохицуулалтыг оруулсан байгаа ч уг хууль батлагдан мөрдөгдөж эхлэхээс өмнө эдгээр алдаа дутагдал давтагдаж болзошгүй тул Засгийн газраас хатуу байр сууринаас хандах нь зүйтэй байна.

Иймд дээрх аймгуудын удирдлагуудад Засгийн газраас хатуу арга хэмжээ авах бусад аймгуудад албан даалгавар хүргүүлж төсөвтэй холбоотой хууль эрх зүйн актуудыг ягштал мөрдөхийг даалгах шаардлагатай байна.

2. ОРОН НУТГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮН

Орон нутгийн төсвийн 2010 оны орлого: ИТХ-аар Орон нутгийн төсвийн 2010 оны нийт орлогыг 331.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бол урьдчилсан гүйцэтгэлээр нийт 341.4 тэрбум төгрөгийн орлого орж, 2010 оны тодотголын төсвийн төлөвлөгөөтэй харьцуулбал 61.0 тэрбум төгрөг, 2009 оны гүйцэтгэлтэй харьцуулбал 71.8 тэрбум төгрөгөөр тус тус орон нутгийн орлого нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн 2010 оны зарлага: ИТХ-аар Орон нутгийн төсвийн 2010 оны зарлагыг нийт 224.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бол урьдчилсан гүйцэтгэлээр нийт 219.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. Нийт зарлагыг 2010 оны тодотголын төсвийн төлөвлөгөөтэй харьцуулбал 68.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2009 оны гүйцэтгэлээс 65.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Зарлагын өсөлтийн 50% нь нийслэлийн орлого давж биелснээр зарлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.

 

Зарлагын урьдчилсан гүйцэтгэлийг авч үзвэл улсын төсөвт төвлөрүүлэх орлогоо тасалсан Булган аймаг төсвийн тодотголын төлөвлөгөөнөөс зарлагыг 802.7 сая төгрөгөөр, Дорноговь аймаг 1,336.2 сая төгрөгөөр, Өмнөговь аймаг 6,395.6 сая төгрөгөөр, Сүхбаатар аймаг 3,223.3 сая төгрөгөөр, Сэлэнгэ аймаг 4,050.1 сая төгрөгөөр тус тус төсвийн зарлагаа нэмэгдүүлсэн байна.

3. ОРОН НУТГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮР ДҮН

Орон нутгийн 2011оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараахь төсвийн нэгтгэлийн үр дүн

Улсын Их Хурлаас “Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль”-ийн 14.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар 2011 онд орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх 173.7 тэрбум төгрөгийн орлогыг 11 аймаг, нийслэлээр, улсын төсвөөс орон нутагт олгох 22.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 10 аймагт олгохоор хуульчлан  баталсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2011 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, ирүүлснийг үндэслэн Монгол Улсын 2011 оны орон нутгийн төсвийг нэгтгэн боловсруулав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ 2011 оны төсвөө батлаагүй гэсэн шалтгаанаар Нийслэлээс 2011 оны төсвийн нэгтгэлээ ирүүлээгүй хүлээгдэж байна.

Иймд Нийслэлийн төлөвлөгөөг УИХ-аар төсөв батлагдахад төсөвлөсөн төлөвлөгөөгөөр тусган 21 аймгийн 2011 оны төсвийн төлөвлөгөөг нэгтгэхэд, орон нутгийн төсвийн орлого ДНБ-ний 5.0 хувь, нийт зарлага 3.3 хувьд хүрэх үр дүн гарлаа.

Орон нутгийн төсвийн 2011 оны орлого: Аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын дараахь 2011 оны төсвийн орлогоор орон нутгийн нийт орлого 390.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээс 14.3 хувиар нэмэгджээ. Харин УИХ-д танилцуулагдсан төсвийн орлогын тооцооллоос 13.5 тэрбум төгрөгөөр буурч байна. Энэ нь Өвөрхангай, Өмнөговь аймгууд 19.2 тэрбум төгрөгөөр орлогоо бууруулан баталсан нь гол нөлөөлж, бусад бүх аймаг дунджаар 200 орчим сая төгрөгөөр орлогоо өсөхөөр тооцоолсон байна.

Орон нутгийн төсвийн 2010 оны зарлага: Орон нутгийн 2010 оны төсвийн нийт зарлага 261.5 тэрбум төгрөгт төлөвлөгдсөн нь УИХ-д танилцуулагдсан төлөвлөгөөнөөс 7.7 тэрбум төгрөгөөр буюу 3.0 хувиар нэмэгдсэн. Зарлагын өсөлтийг аймгаар авч үзвэл, Өмнөговь 2.1 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлсэн нь хамгийн өндөр нэмэгдүүлсэн бол, бусад улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгууд дунджаар 400 сая төгрөгөөр, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг аймгууд дунджаар 150 сая төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.