Техник туслалцааны зөвлөгөө өгөх хөтөлбөр: Баялаг, боломжийг удирдах нь- Эрик Паррадо

ДЭЛХИЙН БАНК

Төв албаны БНХАУ, Монгол Улсыг хариуцсан нэгж

Moнгол Улс

Урьдчилсан тайлан

Техник туслалцааны зөвлөгөө өгөх хөтөлбөр: Баялаг, боломжийг удирдах нь- Эрик Паррадо

2011 оны 3 дугаар сар


Миний бие 2011 оны 3 дугаарын сарын 2-11-ний өдрүүдэд Монгол Улсын Сангийн яаман дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар ажилалаа. Миний энэ удаагийн ажил нь Монгол Улсын хөрөнгийн урсгалыг мөчлөг сөргүүлэн удирдах зохицуулалтын нарийвчилан хүрээг боловсруулах чиглэлээр техник туслалцаа үзүүлэх илүү өргөн хүрээний хөтөлбөрийн нэг хэсэг юм. Түүнээс гадна, туслалцааны хүрээнд ирээдүйд эрдэс баялгийн гэнэтийн их ашиг орж ирэхтэй холбогдуулан хөрөнгийн үлдэгдлийг удирдахад мөн анхаарна. Техник туслалцааны хөтөлбөрийн тусламжтайгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулж, Монгол Улсын Их Хурал дээр зөвшилцөл үүсэх боломж нөхцөл бүрдсэн.

Техник туслалцааны хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн сайн талуудыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтэнд тулгарч болзошгүй үндсэн эрсдэлүүдийг олж тогтоосон. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь төсвийн мөчлөг дагасан бодлого, хэт их хэмжээний өрөнд орохоос зайлсхийх олон улсын шилдэг туршлагыг өөртөө багтаасан тул Монгол Улсын эдийн засгийн түүхэн дэх гол тулгуур болох болно.[1] Гэвч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ач тусыг бууруулж болзошгүй хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас хувь хишгийг бэлнээр тарааж байгаа явдал, мөн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь болгохоос эхлэх учиртай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах завсрын хугацаа зэрэг болно.

Техник туслалцааны хөтөлбөрийн хүрээнд Төсвийн тогтворжуулалтын сангийн зохион байгуулалтыг санал болгож, төсвийн арга хэмжээтэй холбоотой ойлголт, аргачлалыг тайлбарлахад туслалцаа үзүүлсэн. Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн бодлогын хүрээний найдвартай байдлыг сайжруулах болно. Хариуцлагатай засгийн газрын хамгийн гол арга хэмжээ, магадгүй хамгийн чухал өвийн нэг нь улс орны ард иргэдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавьсан төсвийн бодлого юм. Ийм бодлогын дүнд амьдралын чанар, үр өгөөж тогтвортойгоор сайжрах ба ингэхдээ дэлхийн эдийн засгийн байдал богино хугацаанд ямар байсан эсвэл экспортын үнийн савалгаанаас үл хамаарах болно.

Би ажлын үр дүнгээ Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б. Батжаргалд шууд тайлагнаж, түүний удирдлаган дор ажилдаг хүмүүстэй нягт холбоотой ажилласан. Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа Сангийн сайд С. Баярцогт, Дэд сайд Ч. Ганхуяг, ОУВС-гийн Төсвийн төлөвлөлтийн зөвлөх Дэвид Жентри, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Ч. Нарантуяа нартай уулзаж ярилцсан. Мөн түүнчлэн энд ажиллах үеэрээ Дэлхийн Банкны мэргэжилтнүүдтэй нягт холбоотой ажилласан.

Энэ завшааныг ашиглан намайг ажил үүргээ амжилттай хийж гүйцэтгэхэд тус дөхөм болж, хамтран ажилласан Сангийн яамны албан тушаалтнууд, ажилтнууд, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдэд болон намайг найрсаг дотноор хүлээж авсан явдалд талархал дэвшүүлэхийг хүсч байна.


[1] Эдийн засагч сэтгүүлийн уул уурхайн огцом өсөлтийн тухай нийтлэлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг онцлон тэмдэглэсэн байсан. Нийтлэлийг дараах холбоосоор үзнэ үү.

http://www.economist.com/node/17312256?story_id=17312256&CFID=164501506&CFTOKEN=65590592

 

 

Англи хувилбарыг доорх холбоос дээр даран татан авна уу.

Техник туслалцааны зөвлөгөө өгөх хөтөлбөр: “Баялаг, боломжийг удирдах нь”