“Богино Хугацааны Хөтөлбөр”- Standby agreement

ОУВС 1952 оноос эхлэн гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг  арилгах зорилгоор “Богино Хугацааны Хөтөлбөр” буюу /Standby/-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг анх бүх гишүүн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн боловч 1952 оноос хойш дэлхийн эдийн засгийн байдал, Солонгос, Япон, Сингапур, Арабын орнууд зэрэг зарим улс орнуудын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц сайжирч улмаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, аж үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэх орнуудын ангилалд шилжсэн учраас ОУВС бодлогооо өөрчилж дээрх хөтөлбөрийг дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2009 оноос эхлэн бага орлоготой орнуудад тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг харьцангуй зөөлрүүлсэнээрээ дунд орлоготой орнуудад хэрэгжүүлдэг хөтөлбөрөөс ялгаатай болно.

“Богино хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаа 12-аас 24-н сарын хооронд боловч шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн хэрэгжих нийт хугацаа 36 сараас хэтрэхгүй байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөр гишүүн орны шаардлагатай байгаа эх үүсвэрийн хэрэгцээ, мөн гадаад зээлийг буцаан төлөх чадвар, эдийн засаг болон төсвийн чадавхиас хамаарч хэд хэдэн ангилалтай байдаг.

Богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд тулгарч буй төсөв, санхүү, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх талаар хэрэгжүүлэгч орон ОУВС-тай тохиролцож улмаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулдаг Энэхүү санамж бичигт хөтөлбөр хэрэгжих хугацаанд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд (төлбөрийн балансыг тэнцлийг хангах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулах, мөнгөний бодлого)-ыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдахаас гадна (i) тоон арга хэмжээ буюу тодорхойлогч зорилтууд болон (ii) бүтцийн арга хэмжээ буюу хэрэгжүүлэх зорилтуудыг тус тус багтаасан байна.  Манай улсын хувьд Хөтөлбөрийн зорилго нь инфляцийг доогуур түвшинд хадгалан, эдийн засгийн өсөлтийг бат бөх, тогтвортой, тэгш байдлыг хангасан гольдиролд эргүүлэн оруулах явдал юм. Тоон арга хэмжээнд Төвбанкны гадаад валютын цэвэр нөөц, төв банкны дотоод цэвэр актив зэрэг   хөтөлбөрийн хүрээнд хяналт тавих боломжтой тодорхойлогч зорилтуудыг тусгадаг бол бүтцийн арга хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх замаар үр дүнд хүрэх үзүүлэлтийг тусгадаг. Жишээ нь: тулгарч буй бэрхшээлийг арилгах замаар хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, банкны системээс үүдэлтэй асуудлыг арилгах талаар авах арга хэмжээ  гэх мэт.

ОУВС-гийн зах зээл дээрх ЗТЭ-ийн хүүгийн хувь хэмжээтэй уялдан хүүгийн хэмжээг тодорхойлдог. Манай улсын хувьд 1991-1992 онуудад авч ашигласан “Богнио Хугацааны Хөтөлбөр”-ийн зээлийн жилийн хүү 0.5% байсан. Харин АНУ-ын санхүүгийн системээс үүдэлтэй дэлхийн санхүүгийн хямрал, нефтийн үнийн хэт өсөлт, үндэстэн дамнасан корпорациудын дампуурлаас шалтгаалж ОУВС-гаас гишүүн орнуудад хэрэгжүүлдэг бодлогод өөрчлөлт орсонтой холбогдуулан одоо хэрэгжүүлж байгаа “Богнио Хугацааны Хөтөлбөр”-ийн зээлийн жилийн хүү нь жилийн 5% байна. Өнөөдрийн байдлаар тус сангийнгишүүн 186 орноос 100 орчим орнууд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ихэнхи нь богино хугацаанд төлбөрийн балансын тэнцвэртэй байдлыг хангаж ажилласан.

3.1 Монгол улсын Засгийн газар шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991-10-4 нд “Богино Хугацааны Хөтөлбөр”-ийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах,  ажилгүйдлийг бууруулахад оршиж байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 13.75 сая ЗТЭ-ийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашигласан.  Хөтөлбөрийн дагуу Монгол улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлсэний дүнд эдийн засаг, төсвийн тэнцэлд эерэг үр дүн гарсан.

3.2 Өнгөрсөн оноос эхлэн дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хямрал Монгол Улсад ч таагүй нөлөө үзүүлж, энэ нь банк, санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн сөргөөр нөлөөлсөн билээ. Тухайлбал, өнгөрсөн 2008 оны дүнгээр эдийн засгийн өсөлт саарч 8.9 хувьд хүрсэн, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4 дүгээр улиралд буурсан, гадаад худалдааны алдагдал ихээхэн нэмэгдсэн, арилжааны банкуудаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн, төсвийн нийт тэнцэл 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Үүнээс гадна, дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, цайр зэрэг металлын үнэ ханш өнгөрсөн оны дунд үеэс эхлэн огцом унаснаас манай улсын төсвийн орлого буурч, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учруулж эхэлсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн бодлого нь орлогын тогтвортой бус эх үүсвэрт суурилан, эрдэс баялгийн үнээс хэт хамааралтайгаар зарлагын тэлэлтийг дэмжиж ирснээс үүдэн улсын санхүү, төсөв эрсдэлд өртөж, тогтворгүйжих нөхцөл байдал бүрдсэний илрэл болсон юм. Нөгөө талаас, энэхүү үүссэн нөхцөл байдал нь төсөв боловсруулах институцийн орчныг сайжруулах, нийгмийн халамжийн болон бусад төсвийн зарлагыг тодорхойлох тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагыг улам тодруулж өгч байгаа бөгөөд шинэчлэл хийх боломжийг нээж өгсөн.

Монгол улсын Засгийн газар энэхүү хямралыг  даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алддагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор ОУВС-тай “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард байгуулж, улмаар тус сангийн Захирлуудын зөвлөлөөр 2009-04-01-ний өдөр батлагдсан. Уг хөтөлбөр нь 18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлж зорилтот шалгуур үзүүлэлтүүдийг гаргасаны дээр банкны систем, нийгмийн хамгааллын салбарын асуудлуудыг хамарсан бүтцийн шалгууруудыг мөн багтаасан. Ийнхүү Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсоныг гадаад түншүүд сайшаан хүлээн авч, Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлэн, төсвийг тэнцвэржүүлэх, эх үүсвэргүй алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэхээ тус тус амласан болно.

ОУВС-гийн Ажлын хэсэг 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 3 сар тутам Монгол Улсад ирж Стэнд-Бай хөтөлбөрийн биелэлтийг тодорхойлдог бөгөөд зорилгоор ОУВС-ийн ажлын хэсэг 2010 оны 2 дугаар сарын 03-наас рын 10-ны өдрийн хооронд 4 дүгээр үнэлгээг хийсэн  одоогоор Захирлуудын Зөвлөлөөр хэлэлцүүлээгүй байгаа. Хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байгаагийн дүнд гадаад валютын нөөцийн хэмжээ ихэсч, инфляцийн түвшин бууран эдийн засгийн байдал тогтворжсон, мөн төсвийн алдагдал тогтвортой түвшинд байгаа юм.