Олон улсан валютын сангийн тухай

ОУВС нь 1944-07-22-нд АНУ-ын Бреттон Вүүдс-т 44 улсын санаачилгаар байгуулагдсан бөгөөд тус сангийн зорилго нь олон улсын валютын асуудлаар харилцан зөвлөлдөх, хамтран ажиллах боломж, нөхцөл бүхий байнгын үйл ажиллагаатай байгууллагуудаар дамжуулан олон улсын хамтын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, олон улсын худалдааг өргөжүүлэх, түүний тэнцлийг хангах, энэ үндсэн дээр ажил эрхлэлт болон бодит орлогын түвшинг дээшлүүлэх, валютын тогтвортой байдлыг хангах, худалдаа үйлчилгээтэй холбоотой төлбөрийн олон талын систем тогтооход дэмжлэг үзүүлж, улмаар сангийн нийтийн нөөцийг зохих баталгаатай гишүүн орнуудад зээлдүүлж тэдний төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

ОУВС нь  хөгжиж буй орнуудад гурван төрлийн санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Үүнд: (i) тус сангийн ердийн хөрөнгөнөөс мөнгө зээлдэн авах, (ii) тусгай зориулалтын сангуудаас хөрөнгийг зээлдэн авах болон (iii) зээлжих тусгай эрхийг тогтмол хэлбэрээр гаргахад зээлдэн авах зэрэг юм. Гишүүн орнуудын ОУВС-д оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс хамааран гишүүн орнуудын зээлжих эрхийн хэмжээ буюу зээлжих тусгай эрхийг хуваарилдаг. Гишүүн орон тус бүрийн хөрөнгийн хувь хэмжээний 25% -ийг нөөц актив байдлаар байршуулж, харин үлдсэн хэсгийг нь тухай орны дотоод валютаар байршуулдаг. Орон тус бүрийн хөрөнгийн хувь хэмжээ нь тухайн орны эдийн засгийн байдал, аж үйлдвэрийн түвшин, олон улсын худалдаанд эзэлж буй байр суурь зэрэг хүчин зүлээс хамааран томъёонд үндэслэн хуваарилагддаг.

Гишүүн орнууд Сангийн хөрөнгийг ашиглах нөхцөлд өөрийн хэрэгцээтэй байгаа валютыг тухайн орны валютаар худалдан авдаг журамтай. Тус сангийн хөрөнгийг ашиглаж буй орнуудаас бүтцийн өөрчлөлт хийх хөтөлбөрийг гол нөхцөл болгодог байна. Дэлхийн 186 орон ОУВС-нд гишүүнээр элсээд байгаа бөгөөд хамгийн сүүлд Югославийн Холбооны Косово улс 186 дахь гишүүнээр 2009 онд элссэн.