Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах асуудал буюу инфляцийн эсрэг хамтын ажиллагаа

February 25, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Төсвийн зарлага нь эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, хүн амын бодит орлого, хэрэглээ, эдийн засгийн тогтвортой байдал, валютын ханш,  инфляцид хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Иймд төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөвт тусгагдах зарлага нь хүн амын бодит орлого, худалдан авах чадварт дам болон дам бусаар хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай.

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, инфляцийн эсрэг хамтын ажиллагааг бий болгох зорилтын хүрээнд Сангийн яамны Төсвийн бодлогын газар нь Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар болон ОУВС-ийн зөвлөх Jan-тай хамтран Сангийн бодлогын инфляцид нөлөөлж буй нөлөөллийг гаргаж, дүн шинжилгээ хийсний үр дүнг танилцуулж байна.

1. Зарлагын төлөвлөлтийг инфляцитай уялдуулах

Монгол улсад төсөв ДНБ-ий 40 гаруй хувийг эзлэж, сангийн бодлого эдийн засагт голлох нөлөөг үзүүлж буй тул төсвийн бодлого нь эдийн засгийг удирдах гол залуур, инструмент болж байна.

2. Сангийн болон мөнгөний бодлогын уялдаа

Монгол Улсын хувьд мөнгөний болоод сангийн бодлогын хамгийн муу, буруу хослолыг хэрэгжүүлж байна. Сангийн бодлогын бодит секторын өсөлтөнд чиглэсэн биш, хэрэглээнд чиглэсэн хэт тэлэлт нь үнийн түвшинд нөлөөлж улмаар мөнгөний хатуу бодлого явуулах арга хэмжээ авч энэ нь бодит секторын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

3. Сангийн бодлогын инфляцид үзүүлж буй нөлөө

Инфляцид хамгийн хүчтэй нөлөөлж буй сангийн бодлогын шийдвэрүүд нь:

  • Цалингийн түвшинг өсгөх шийдвэр
  • Иргэдэд бэлэн мөнгө олгох шийдвэр
  • Төсвийн урсгал зардлыг өсгөх шийдвэрүүд байна.

4. 2010 оны төсвийн тодотголын төсөл, 2011-2013 оны ТХМ-ийн инфляцид нөлөөлөх шинжилгээ

Төсвийн тодотголын төслөөр тооцоолоход 2010 онд жилийн инфляци 21 орчим хувьд хүрэхээр байгаа нь эрэлтийн гаралтай инфляци тэр дундаа төсвийн зардлын өсөлтөөр хангагдахаар байна.

УИХ-д өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдлээр тооцоо хийхэд 2010, 2011 / инфляцийг 7.1 хувь байхаар төлөвлөсөн/ онд жилийн инфляцийн хүлээгдэж буй үр дүн ихээхэн өндөр буюу 20 орчим хувьд хэлбэлзэхээр байна.

5. Сангийн болон мөнгөний бодлогын уялдааг хангах бодлогын арга хэмжээнүүд

Дараах баримт бичгүүдийг боловсруулахдаа Төсөв-мөнгөний бодлогын уялдааг сайтар хангах шаардлагатай.

  • Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл
  • Жилийн төсөв
  • Сар улирлын хуваарь

6. Сангийн яам болон Монгол банкны хамтын ажиллагаа /схемээр харуулав./

I. Зарлагын төлөвлөлтийг инфляцитай уялдуулах

Монгол улсад төсөв ДНБ-ий 40 гаруй хувийг эзлэж, сангийн бодлого эдийн засагт голлох нөлөөг үзүүлж буй тул төсвийн бодлого нь эдийн засгийг удирдах гол залуур, инструмент болж байна.

Сангийн бодлогыг эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, инфляцийг бага түвшинд барьсан, эдийн засгийн үр ашгийг хамгийн их байхаар төсөв-мөнгөний бодлоготой уялдуулан боловсруулж, үүн дээр суурилсан төсвийг боловсруулж байх нь улс орны хөгжлийн томоохон үндэс юм.

Сангийн тэлэх бодлого нь эдийн засгийн өсөлт, эрэлтийн талыг дэмжсэн байдлаар хүн амын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр  явагддаг бөгөөд энэ нь хүн амын бодит орлого, хэрэглээнд нөлөөлж, бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлдэг. Сангийн тэлэх бодлого нь эдийн засгийн шингээх чадвар, эдийн засгийн потенциал нөөц боломжтой уялдаж чадвал инфляцид хүчтэй нөлөө үзүүлэхгүй байж болдог.

Эдийн засгийн онолын хувьд сангийн тэлэх бодлого нь эдийн засгийн нийт эрэлтийг нэмэгдүүлж, үүнийг дагаад нийт нийлүүлэлт өссөнөөр үнийн түвшин өөрчлөгдөхгүйгээр эдийн засгийн шинэ тэнцвэрт орж болдог. Чухам ийм учраас сангийн бодлого нь эдийн засгийн хөгжлийг дэмжихэд илүү үр ашигтай байдаг гэж үздэг. Төсвийн зарлагыг эдийн засгийн өсөлт, ажлын байр, хүн амын бодит орлогыг дэмжсэн байдлаар оновчтойгоор төлөвлөх нь эргээд төсвийн татварын орлого, төсвийн бааз суурьт эергээр нөлөөлж, эдгээр нь цикл хэлбэрээр харилцан бие биеэ дэмжиж байдаг.

Хэрвээ төсвийн зарлага нь эдийн засгийн бодлоготойгоо уялдаагүй, эдийн засгийн бодит салбарыг бодлогоор дэмжээгүй байдлаар хийгдвэл энэхүү төсвийн тэлэлт нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож, үнийн өсөлтийг нэмэгдүүлэн хүн амын бодит худалдан авах чадварыг бууруулж эдийн засгийн хөгжилд сөргөөр маш хүчтэй нөлөөлж чаддаг.

II. Сангийн болон мөнгөний бодлогын уялдаа

Мөнгөний бодлогын гол зорилго бол инфляцийг бага түвшинд барих, валютын ханшны хэт хэлбэлзлээс сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих байдаг. Энэ хүрээнд үнийн өсөлт зорилтот түвшнээс хэтэрч нэмэгдэх хандлагатай бол мөнгөний хатуу бодлого явуулдаг бөгөөд энэ нь зээлийн хэмжээг бууруулж, бодит эдийн засгийг бууруулах нөлөөг үзүүлдэг. Ийм шийдвэр гаргах үндэслэл нь нэг бол гадаад зах зээлийн нөлөөллөөс, нөгөө талаас сангийн бодлогын шийдвэрээс үүдэлтэйгээр гардаг. Монгол Улсын хувьд мөнгөний болоод сангийн бодлогын хамгийн муу, буруу хослолыг хэрэгжүүлж байна.

Сангийн бодлогын бодит секторын өсөлтөнд чиглэсэн биш, хэрэглээнд чиглэсэн хэт тэлэлт нь үнийн түвшинд нөлөөлж улмаар мөнгөний бодлогоор үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авдаг. Мөнгөний хатуу бодлого нь гүйлгээнд буй мөнгөний хэмжээг бууруулан, бодит секторт олгох зээл олголтыг бууруулснаар эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг.

Эдгээр бодлогууд нь өндөр инфляци, эдийн засгийн доогуур өсөлтийг бий болгодог тул бодлогын ийм муу сонголтоос аль болох татгалзах, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Иймд эдийн засгийн тогвортой байдлыг хангах буюу инфляцид бага нөлөөлөх, эдийн засгийн бодит өсөлтийг хангах сангийн бодлогыг дэмжсэн зохистой мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хэрвээ макро эдийн засгийн гол 2 бодлогуудын уялдааг сайтар хангаж, санхүү-мөнгөний зохистой харьцааг баримталбал эдийн засгийн өсөлтийг өндөр түвшинд хүргэж, үнийн өсөлтийг зохистой түвшинд хадгалах боломжтой.

III. Сангийн бодлогын инфляцид үзүүлж буй нөлөө

Сангийн бодлогын аливаа шийдвэр нь эдийн засгийн үйл хөдлөлд хүчтэй нөлөөлж, эдийн засгийн агентуудын тухайн бодлогод үзүүлж буй хариу үйлдэл нь хүчтэй байдаг. Инфляцид хамгийн хүчтэй нөлөөлж буй сангийн бодлогын шийдвэрүүд нь:

1.    Цалингийн түвшинг өсгөх шийдвэр

2.    Иргэдэд бэлэн мөнгө олгох шийдвэр

3.    Төсвийн урсгал зардлыг өсгөх шийдвэрүүд байна.

Төрийн албан хаагчдын цалин өсөх нь боловсон хүчний шилжилтийн болгоомжлол, инфляцийн бага зэргийн өсөлтөөр дамжин хувийн хэвшилд ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх шалтгаан болох бөгөөд энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нэгжийн зардал өсөх тул бараа, үйлчилгээний үнийг өсгөх, нийт өрхийн цалин болон орлогын өсөлт нь нийт эрэлтийг өсгөн улмаар илүү өндөр инфляцийн шалтгаан (demand driven inflation)-ыг бий болгох талтай. Энэхүү нөлөөлөл нь тодорхой хугацааны хоцролттойгоор илэрдэг гэж үздэг. Гэхдээ энэхүү цалингийн өсөлт нь тус сувгаар инфляцид нөлөөлнө, нөлөөлөхгүй гэсэн байр суурь маргаантай байсаар байна. Мөн цалин, орлогын өсөлт нь энэхүү өсөлтөөсөө илүүтэй инфляцийг бий болгох, мөн нийт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж болдог. Огцом нэмэгдэж байгаа инфляцийн сөрөг нөлөөллийн улмаас нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа цалин хөлс,  тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогууд “үнэгүйдэж”, хүмүүсийн амьжиргааг дэмжих зорилготой хөтөлбөрүүд бодитой ач холбогдлоо мэдрүүлж чадахгүй байдалд хүрэх аюултай. Иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх үр дүнг үзүүлэхээр бол төсвийн ажилчдын цалинг өсгөхгүй байх нь төрд, ард иргэдэд, хувийн хэвшлийнхэнд ашигтай, эдийн засагт сөрөг дам нөлөө үзүүлэхгүй байх юм.

Инфляци нь эдийн засгийн тогтвортой байдал, бодлогын нөлөөллийн гол макро үзүүлэлт тул төсвийн зарлагын инфляцид үзүүлэх нөлөөллийг төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төслийг боловсруулахад тооцож байх нь нэн чухал юм.

Монголын хувьд төсвийн зарлага нь инфляцид дараах байдлаар нөлөөлдөг байна.

Хоорондын учир шалтгаан болон урт хугацааны хамаарлын хувьд[1]:

  • Төсвийн нийт зарлагын жилийн өөрчлөлт нь хугацааны 1 хоцрогдолтойгоор инфляцийн учир шалтгаан болдог байна. Эсрэгээрээ инфляци нь төсвийн нийт зарлагын өөрчлөлтийн учир шалтгаан болдоггүй байна.
  • Төсвийн урсгал зардал болон ХҮИ нь бие биенийхээ учир шалтгаан болдог байна.
  • Инфляцийн хувьд төсвийн урсгал зардлын жилийн өсөлтийн хувиас хамаардаг байна.Өөрөөр хэлбэл төсвийн урсгал зардлын  өсөлт нэмэгдэх нь инфляцийг өсгөх учир шалтгаан нь болдог байна.
  • Төсвийн урсгал зардлын хэмжээ 10%-иар өсөх нь урт хугацаанд ХҮИ-ийг 3,3%-иар өсгөх нөлөөтэй байна.
  • Цалингийн зардлын 10%-ийн өсөлт нь хэрэглээний үнийн индексийг 4,3%-иар өсгөдөг гэсэн үр дүнг харуулж байна.
  • Төсвийн бараа үйлчилгээний зардлыг 10 %-иар өсгөх нь урт хугацаанд хэрэглээний үнийн индексийг 3,7%-иар өсгөх нөлөөтэй байдаг байна.
  • Урт хугацаанд цалингийн дундаж түвшинг 10% нэмэгдүүлэх нь хэрэглээний үнийн индексийг 4,6%-иар нэмэгдүүлэх нөлөөтэй байдаг байна. Судалгаанд төсөвт байгууллагад ажилладаг ажиллагчдын дундаж цалинг мөн шинжилсэн бөгөөд төсөвт байгууллагад ажиллагчдын цалин 10% өсөх нь ХҮИ-ийг 3,9% өсгөдөг нөлөөтэй байна. Төсөвт байгууллагын цалингийн түвшин өсөх нь урт хугацаанд ХҮИ-ийг 3,9% өсгөдөг бөгөөд төсвийн цалин өсөх нь хувийн хэвшлийн цалингийн түвшинд нөлөөлж урт хугацааны 1 хоцрогдолтойгоор ХҮИ-ийг 3,9% биш 4,6% өсгөх нөлөөтэй байдаг байна.

Сангийн бодлогын нөлөөг шалгах жижиг макро загварын хувьд[2]:

  • Хүнсний үнийн индекс 10%-иар өсөх нь ХҮИ-ийг 2,9%-иар өсгөх нөлөөтэй байна.
  • М1 мөнгө 10%-иар өсөх нь инфляцийг 1%-иар өсгөх нөлөөтэй байна.
  • Инфляци 2 дугаар улиралд өсдөг бөгөөд 3 дугаар улиралд буурах улирлын шинж чанартай.
  • Инфляцийн инерци хадгалагддаг бөгөөд өмнөх улиралд гарсан шок нь дараа үедээ хадгалагддаг. Энэ нь инфляцийн хүлээлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл өмнөх үед гарсан нөлөө нь дараа үедээ шилждэг.
  • Цалингийн өсөлт нь хүнсний үнээр дамжиж инфляцид нөлөөлдөг. Цалин 30%-иар өсөх нь хүнсний инфляцийг 10%-иар өсгөнө. Хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч энэ нь инфляцид нөлөөлдөг.
  • Төсвийн урсгал зардлын хэмжээнээс шууд хамааралтай буюу төсвийн урсгал зардал 10%  өсөх нь гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээг 7%-иар өсгөх нөлөөтэй байна. Энэ нь дамжаад инфляцийг 1%-иар өсгөх нөлөөтэй байдаг байна.
  • Хэрэглээ өсөх нь гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг өсгөх нөлөөтэй байна.
  • Төсөвт байгууллагын дундаж цалин өсөх нь бусад салбарын дундаж цалинг өсгөх нөлөөтэй буюу төрийн албан хаагчдын цалин 30%-иар  өсөх нь бусад салбарын цалингийн түвшинг 10%-иар өсгөх нөлөөтэй буюу  дараа улирлаас дахин өсгөж улмаар жилийн дотор 30%-ийн өсөлтөнд хүргэдэг байна.

Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө нь дараах сувгаар дамждаг байна.

1.    Төсөвт байгууллагад ажиллагчдын цалинг өсгөх нь бусад салбарт ажиллагсдын цалинг автоматоор өсгөх шаардлагыг үүсгэх ба ингэснээр бусад баялаг бодитоор бүтээгч салбарын цалин өсч, үйлдвэрлэж буй бараа, үйлчилгээний нэгжийн зардлыг нэмэгдүүлж, улмаар бараа, үйлчилгээний борлуулах үнийг өсгөдөг. Цалин өсгөх нь нийлүүлэлтийн болон эрэлтийн  инфляцийг үүсгэх шалтгаан болдог.Цалингийн өсөлт  нь шууд инфляцийг өсгөх боловч дамжих суваг нь Төсөвт байгууллагын цалин   – Бусад салбарын цалин өсөх    – Хүнсний бүтээгдэхүүний үнэ    – Инфляци     гэсэн сувгаар нөлөөлдөг байна.

2.    Төсвөөр дамжуулж иргэдэд бэлэн мөнгө тараах, халамжийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх нь иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж, нийт эрэлтийг өсгөн эрэлтийн инфляцийг өсгөх шалтгаан болдог байна. Энэ нь хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээг өсгөн, М1 мөнгөний агрегатыг өсгөж, инфляцид дамжиж нөлөөлдөг байна.

3.    Иргэдэд бэлэн мөнгө өгөх нь гүйлгээнд байгаа бэлэн мөнийг нэмэгдүүлж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр инфляци бий болох мөнгөний талын нөхцлийг үүсгэдэг.

4.    Инфляцийг өсгөх хамгийн нөлөө бүхий суваг бол иргэд, үйлдвэрлэгчдийн хүлээлтийг өсгөх, хүлээлтийн дам нөлөөгөөр дамжин инфляцийг улам ихээр өсгөх аюултай байдаг байна.

IV. 2010 оны төсвийн тодотгол, 2011-2013 оны ТХМ-ийн инфляцид нөлөөлөх шинжилгээ

ОУВС-тай тохирсон төсвийн төслөөр тооцоолоход инфляцийн хүлээгдэж буй үр дүн

ОУВС-тай тохирсон төсвийн төслөөр тооцоолоход 2010 онд жилийн инфляци 21 орчим хувьд хүрэхээр байгаа нь эрэлтийн гаралтай инфляци тэр дундаа төсвийн зардлын өсөлтөөр хангагдахаар байна. Мөнгөний бодлогыг 7 дугаар сараас нэмэгдүүлсэн ч энэхүү эрэлтийн инфляцийг 2010 онд бууруулж чадахгүй байхаар байна. Гэхдээ 2011 онд инфляцийг бага түвшинд барих боломж байна.

УИХ-д өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдлээр тооцоо хийхэд 2010, 2011 онд жилийн инфляцийн хүлээгдэж буй үр дүн ихээхэн өндөр буюу 20 орчим хувьд хэлбэлзэхээр байна.Энэ бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, эдийн засгийн халалтыг үүсгэх боловч үнийн өсөлтийн сөрөг нөлөө илүү хүчтэй байхаар байна. УИХ-д өргөн барьсан төсвийн тооцоогоор инфляцийг бууруулах боломж хомс болж байна.

Төсвийн зардлын тэлэлтээр бий болж байгаа эрэлтийн талын инфляцийг бууруулахад мөнгөний бодлогыг чангаруулах нь инфляцийг бууруулж байгаа хэдий ч бодит сектор/ хувийн секторын үйлдвэрлэлийг бууруулах, үйлдвэрлэлийн зөрүүг ихээхэн сөрөг болгоно.Эдийн засгийн өсөлтөнд ихээхэн сөрөг нөлөөтэй.

Эдгээр 3 хувилбаруудаас сангийн бодлого, мөнгөний бодлогын эсрэг тэсрэг эдийн засгийн өсөлтийг сааруулсан бодлогын уялдаагүй байдлыг харж болж байна. Тиймээс бодлогын уялдааг хангах талаар бодлогын болоод хэрэгжүүлэх механизмын тогтолцоог бүрдүүлэх шаардлага байна.

V. Сангийн болон мөнгөний бодлогын уялдааг хангах бодлогын арга хэмжээнүүд

Төсөв-мөнгөний бодлогын уялдааг дараах баримт бичгүүдэд тусгах шаардлагатай. Үүнд:

1.    Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл

2.    Жилийн төсөв

3.    Сар улирлын хуваарь

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд:

Сангийн яам Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах зарлагын хэмжээ болон татаас, шилжүүлгийн хэмжээг тооцон Монгол банктай хамтран инфляци, мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлөх талаар судлан инфляцид үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, хэрвээ хэт өндөр нөлөө үзүүлэхээр бол бодлогын өөр хувилбарыг сонгох байдлаар харилцан тохиролцох.

Жилийн төсвийн хувьд:

Жилийн төсвийг боловсруулах явцад гарсан аливаа бодлогын өөрчлөлт, арга хэмжээний үнийн түвшин, эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөөллийг СЯ, Монгол банк хамтран тодорхойлно. Нийгмийн халамж, цалин хөлс, иргэдэд бэлэн мөнгө олгох, төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шийдвэр гаргагчид болон олон нийтэд танилцуулна.

Сар улирлын хуваарийн хувьд:

Сар улирлын хувиар батлуулахад төсвийн зарлагын хуваарийг инфляцид үзүүлэх нөлөөг нь тооцон, үзүүлэх нөлөө нь хамгийн бага байхуйцаар хуваарилана. Жишээ нь:

Иргэдэд бэлэн мөнгө тараах шийдвэрийн инфляцид үзүүлэх нөлөө

2010 онд иргэн бүрт 120 мянган төгрөг буюу нийтдээ 324 тэрбум төгрөг, 2011 онд иргэн бүрт 220 мянган төгрөг буюу нийтдээ  616 тэрбум төгрөг , 2012 онд иргэн бүрт 160 мянган төгрөг буюу нийтдээ 448 тэрбум төгрөг  улсын төсвөөс гарч гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээг огцом нэмэгдүүлж эдийн засгийн эрэлтийн талыг ихэсгэснээр инфляцийг өсгөх гол үндсэн шалгаан болохоор байна. Инфляци өснө гэдэг нь Засгийн газрын явуулж буй эдийн засгийн бодлогын нөлөөг сулруулж, ард иргэдийн бодит орлогыг бууруулж, эдийн засгийн халалтыг бий болгох болно. Монгол банкнаас хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд Засгийн газраас иргэн бүрт 500 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2010-2012 онуудад олгохоор шийдвэрлэсэн  мөнгөн тэтгэмжийг олгосноор инцляци суурь таамаглалаас 2010 онд 11,7 нэгж хувиар, 2011 онд 5,3 нэгж хувиар тус тус нэмэгдэхээр байна.

Энэхүү мөнгийг инфляцид бага нөлөө үзүүлэхээр олгох дараах боломжууд байж болно.

1.    Жил бүр олгох мөнгөний нийт хэмжээг сар бүрт тэнцүү хувааж, үүнийг иргэдийн данс руу хийх

2.    Энэхүү мөнгөн тэтгэмжийг 2-3 жил ашиглахгүй нөхцөлтэйгээр банкинд хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах

3.    Энэхүү мөнгийг ирээдүйн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зориулахаар ашиглах

4.    Мөнгөн хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хувьцаа олгох

Эдгээр боломжуудыг Монгол банктай хамтран тодорхойлж цаг хугацаа, хэмжээг тогтоох хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой юм. Дээрх хувилбаруудын алийг нь ч сонгосон эдгээр нь инфляцид хүчтэй нөлөө үзүүлэхээр байна. Төсвөөс олгож буй хишиг хувь тараах энэ үйл ажиллагааг хугацаат хадгаламж хэлбэрээр явуулсан ч энэ нь хүмүүст ирээдүйд авах орлогоо барьцаалан одоо үедээ зээл авч хэрэглээгээ өсгөх боломжийг бүрдүүлнэ. Эдгээр хувилбарууд нь ерөнхийдөө инфляцийн нөлөөг сааруулах боловч эдийн засгийн бодлогын нөлөөг бууруулсан, хүн амын худалдан авах чадварыг бууруулж, бодит орлогыг багасгасан, эдийн засгийн дарамтыг ихэсгэсэн шийдвэрүүд байхаар байна.



[1] Сангийн яам, Төсвийн бодлогын газар

[2] Сангийн яам, Төсвийн бодлогын газар