Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын Монгол улсын төсөвт үзүүлсэн нөлөө, түүний сургамж

February 25, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

УИХ-аар баталсан Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2009 оны Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, Монгол Улсын 2009 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн дагуу  нэгдсэн төсвийн нийт орлого 2,223.0 тэрбум төгрөг, нийт зарлага 2,619.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 395.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.1 хувь болохоор байсан. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн төсвийн орлого, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралтаас үүдэн уул уурхайн татварын орлогыг огцом бууралтаас шалтгаалан 2009 оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас үүдэн хямралын эсрэг төсвийн тэлэх бодлого явуулах санхүүгийн боломж бидэнд байгаагүй. Монгол улс мөчлөгийн дагуу төсвийн зарлагыг бууруулах бодлого явуулахад хүрсэн.

Монгол Улсын 2009 оны 3 дугаар сард батлагдсан төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого 1,973.01 тэрбум төгрөг, нийт зарлага 2,314.2 тэрбум төгрөг болж урсгал тэнцэл 160.9 тэрбум төгрөгийн ашигтай, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 341.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан дараахь шаардлагуудын улмаас 2009 оны 5 дугаар сард төсөвт дахин тодотгол хийсэн.

1.      УИХ-ын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах боломжийг шавхан дайчлах;

2.      Дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнийн нөлөөллийг бодитой тооцон тусгах;

3.      Төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах;

4.      Зайлшгүй шаардлагатай зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэрийг төсөвт тусгах;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2009 оны эхний 5 сарын гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын эх үүсвэрийг тооцон, УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн биелэлтийг хангах, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын үнийн зөрүүг санхүүжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 81.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,054.6 тэрбум, нийт зарлага 104.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,418.9 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдал 364.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэхээр батлагдсан. Дэлхий нийтийг хамарсан энэхүү хямрал нь Монгол улс эдийн засгийн хувьд, төсвийн хувьд ч тогтворгүй , хямралын эсрэг ашиглах хөрөнгө мөнгө механизмгүй болохыг тодоос тод харуулж өгсөн. Мөчлөг дагасан сангийн бодлого хямралын үед эдийн засагт хэрхэн хүчтэй сөргөөр нөлөөлдгийг бид бүхэн харсан. Өнгөрсөн жилүүдийн “Төсвийн тогтворгүй байдал”-ын эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагавар:

  • Инфляци: Сүүлийн жилүүдийн уул уурхайн орлогын өсөлтийг дагасан төсвийн зарлагын тэлэлт, дэлхийн санхүүгийн хямрал, импортлогдсон үнийн өсөлт инфляцийг хөөрөгдөж 33%-д хүргэсэн сургамж бий.
  • ЗГ-ын зээлийн өсөлт: Зэсийн үнэ буурахад төсвийн орлого дагаж огцом буурсан хэдий ч төсвийн зарлага буураагүй тул Засгийн газар 400 орчим сая ам.долларын гадаад зээл авсан.
  • Ханшны тогтворгүй байдал: Төгрөгийн ханшийг тогтворжуулахаар дотоод зах зээлд гадаад цэвэр нөөцийн 50 орчим хувийг гаргасанаар Монгол Улсын гадаад цэвэр нөөц 500 гаруй сая ам доллараар огцом буурсан.
  • Зардлын өсөлт: Төсвийн болон экспортын орлогод голлох нөлөө үзүүлэгч зэс, алтны үнэ өссөн үеийн  төсвийн зарлагын тэлэлтээр дамжуулан эдийн засагт нийлүүлсэн 600 тэрбум төгрөгийн хагас нь хөрөнгө оруулалтын чиглэлээр зарцуулагдан барилгын салбарын эрэлтийг нэмэгдүүлсэн бол нөгөө хагас нь өрх гэрт бэлэн мөнгөөр олгосноор хөөсөн эрэлтийг бий болгосон.
  • Зээлжих зэрэглэл: Макро эдийн засаг, төсвийн тогтворгүй байдал нь Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулахад голлох шалтгаан болсон.

Moody’s – B1Stable è B1Negative; S&P – BB- Stable è BB- Negative

  • Эдийн засгийн тогтворгүй байдал: Монгол улс Азийн орнуудаас санхүүгийн хямралд хамгийн гүнзгий өртсөн орны ангилалд орсон.

2. ТӨСӨВТ ҮЗҮҮЛСЭН СӨРӨГ НӨЛӨӨ

Өргөн барьсан болоод тодотгон баталсан  төсвүүдийн хувьд бүгд дараах төсвийн орлогын  хэсгүүдийг 2009 оны гүйцэтгэлээс  хэтрүүлэн төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл дараах татварын орлогуудад хямралын нөлөө илүүтэй нөлөөлсөн байна.

1.      Аж ахуй нэгжийн албан татвар

2.      Нэмэгдсэн өртгийн албан татвар

3.      Онцгой албан татвар

4.      Тусгай зориулалтын орлого

5.      Гаалийн албан татвар

6.      Тусламжийн орлого

Улсын төсвийн орлого 2009 оны гүйцэтгэлээр 1431.9 тэрбум төгрөгт хүрч 11.7 хувиар буюу 189.5 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс дутуу биелэхэд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.Ерөнхийдөө эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүн амын худалдан авах чадюар буурсан, гадаад худалдаа буурсан зэргээс хүчтэй хамаарсан байна. Үүнд:

1. Нийт импорт  2009 оны гүйцэтгэлээр 2046.5 сая ам.долларт  хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 25.6 хувиар буюу 704.8 сая ам.доллораар, үүнээс татвартай импорт 30.5 хувиар буюу 706.8 сая ам.доллараар тус тус буурсан байна. Нийт импортод татвартай импортын эзлэх хувь 2008 онд 84.2 хувь байсан бол 2009 онд 78.6 хувь болж 5.6 пунктээр буурсан нь гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахад нөлөөлсөн байна. Тухайлбал, 2009 онд татвартай импортын хэмжээг 2154.4 сая ам.доллар, үүнээс онцгой татвартай барааны импортыг 954.5 сая ам.доллар байхаар төлөвлөж  байсан боловч гүйцэтгэлээр татвартай импорт 1609.4 сая ам.доллар болж төлөвлөснөөс 545.0 сая ам.доллараар, үүнээс онцгой  татвартай барааны импорт 552.9 сая ам.доллар болж 401.6 сая ам.доллараар тус тус буурсан байна.

2. 2009 онд нийт 17.6 мянган ширхэг автомашин импортлон 33.6 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төвлөрүүлэхээр тооцсон боловч статистик мэдээнээс харахад жилийн эцэст нийт дүнгээрээ 11.5 мянган ширхэг автомашин импортлож 26.7 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төвлөрүүлсэн нь төлөвлөсөн хэмжээнээс 6.1 орчим мянган ширхэг буюу 6.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.

3. Хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас улсын төсвийн орлого буурсан байна. Үүнд:

  • 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын хуулиар экспортонд гаргаж байгаа боловсруулаагүй ноолуурт ногдуулж байсан 4000 төгрөгийг хүчингүй болгосноос 10702.6 сая төгрөгийн гаалийн албан татварын орлого буурсан.
  • Малчин өрх, мал бүхий иргэний орлогын татварыг 2009 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн  “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар 2009 оны 7 дугаар сарын  16-ны өдрөөс эхлэн чөлөөлсөнтэй холбогдуулан  дээрх орлогын төлөвлөгөө 58.6 сая төгрөг буюу 2.9 хувиар  тасарсан.
  • УИХ-аас эрх олгосны дагуу Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийг тогтвортой байлгах зорилгоор импортын нефтийн бүтээгдэхүүнд ногдох онцгой албан татварын хувь, гаалийн албан татварын хувь хэмжээг бууруулах, “0” хувь болгох хүртэл арга хэмжээг авсны улмаас 12606.7 сая төгрөгийн орлого буурсан.
  • 2007 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулиар автобензин, дизелийн түлшинд ногдуулсан онцгой болон НӨАТ-ыг 30 хоногийн хугацаагаар хойшлуулж төлүүлэх болсоноос 2009 оны 12 дугаар сард 3500.0 сая төгрөг хойшилж 2010 оны 01 дүгээр сард төсөвт төвлөрүүлсэн.
  • Импортоор оруулж ирж байгаа хөдөө аж ауйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурлын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг Монгол Улсын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”  хуулийн заалтийг  хэрэгжүүлсэнээс 7593.5 сая төгрөгийн татварын орлого чөлөөлөгдсөн.
  • 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын хуулиар импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 3-аас дээш жилийн хугацаа болоогүй автобус троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас 5806.0 сая төгрөгийн орлого чөлөөлөгдсөн.
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас 516.6 сая төгрөгийн орлого чөлөөлөгдсөн.
  • Монгол Улсын 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 335 дугаар тогтоолоор баталсан жагсаалтыг үндэслэн Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд 203.0 сая төгрөг дээрх шийдвэрүүдийн дүнгээр  бүгд 40928.4 сая төгрөгийн татвар чөлөөлөдсөн байна.

Татвартай импортын бууралтаас 30.9 тэрбум, онцгой татвартай барааны импортын бууралтаас 150 тэрбум, төлөвлөгөөдөөгүй татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөс 40.9 тэрбум нийт 221.8  орчим тэрбум төгрөгийн орлого орох төвлөрүүлэх боломжгүй болсон байна. Орлогын төрөл тус бүрээр авч үзвэл:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар:

Улсын төсөвт 2009 онд аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын орлого 205.4 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөснөөс 8.1 хувиар буюу 18.1 тэрбум төгрөгөөр дутуу байна.  2009 оны эхний 3 улирлын дүнгээр нийт аж ахуйн нэгжийн 85.0 хувь нь ААНОАТ-ын тайлан гаргаж ирүүлснээс 57.8 хувь буюу 25215 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулаагүй буюу алдагдалтай ажиллаж ногдуулалт буурсан нь төлөвлөгөөг тасрахад нөлөөлсөн болно.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын талаар

Алтны үнийн өсөлтийн албан татвараар 42.7 тэрбум төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээс 17.4 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 25.2 тэрбум төгрөгөөр буюу 59.2 хувиар тасарсан нь дараах шалтгаантай байна. Үүнд:

  1. Алтны үнийн өсөлтийн албан татвараар үүсээд байгаа 73.5 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдлийн 13.6 тэрбум төгрөг буюу 18.5 хувь нь  шүүхийн шийдвэр гарсан, 56.3 тэрбум буюу 76.6 хувь нь шүүхийн шатанд байгаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй өр байгаагийн 97.1 хувь буюу 52.4 тэрбум төгрөг нь “Алтандорнод Монгол” ХХК-тай холбоотой олон улсын арбитрын шүүхэд байгаа эцсийн шийдвэр гараагүй, өрийг барагдуулахтай холбоотой ямар нэгэн ажиллагаа хийхгүй байх талаар ХЗДХЯамнаас албан тоот ирүүлсэн;
  2. Алтны борлуулалтын орлогын үнийн өсөлтийн зөрүүгээс тооцсон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын /алтны/ ногдуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад алтны борлуулалт 2.1 тонноор, татварын ногдуулалт 34.0 тэрбум төгрөгөөр буурсан байгаа зэрэг нь төлөвлөгөө тасрахад нөлөөлсөн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар:

Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 414.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 326.0 тэрбум төгрөг төвлөрч 78.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс дотоодын бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 143.4 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 158.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч 10.2 хувиар буюу 14.7  тэрбум төгрөгөөр давж биелсэн бол импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар  340.8 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 247.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч 93.6 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

Онцгой албан татвар:

Онцгой албан татварын орлогыг 198.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 166.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч 31.6 тэрбум төгрөгөөр буюу 15.9 хувиар төлөвлөгөө тасарсан байна.

Дотоодын үйлдвэрийн архи, спиртийн онцгой албан татварын орлого 59.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 55.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч 3.5 тэрбум төгрөгөөр тасарчээ.

Онцгой татвартай барааны импортын тоо хэмжээний өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл согтууруулах ундаа 38.8 хувиар буюу 7762.8 мянган литрээр буурсан байна. Үүний дотор шар айраг 40.2 хувиар буюу 7365.3 мянган литрээр, дарс 25.4 хувиар буюу 421.2 мянган литрээр тус тус буурч, архи виски 34.4 хувиар буюу 23.7 мянган литрээр өссөн байна.

2009 онд нийт 17.6 мянган ширхэг автомашин импортлон 33.6 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төвлөрүүлэхээр тооцсон боловч статистик мэдээнээс харахад жилийн эцэст нийт дүнгээрээ 11.5 мянган ширхэг автомашин импортлож 26.7 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төвлөрүүлсэн нь төлөвлөсөн хэмжээнээс 6.1 орчим мянган ширхэг буюу 6.9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвараар 2009 онд 58.6 тэрбум төгрөг, пивоны онцгой албан татварын орлогоор 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон боловч автобензин, дизелийн түлшний онцгой албан татвараар 33.5 тэрбум төгрөг төвлөрч 25.1 тэрбум төгрөгөөр,  пивоны онцгой албан татварын орлогоор 3.5 тэрбум төгрөг төвлөрч 4.7 тэбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

3. ХЯМРАЛЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Засгийн газраас санхүү, эдийн засгийн хямралын эсрэг эдийн засгийг тогтворжуулах, тэлэх чиглэлээр Монголбанктай хамтран төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан хэрэгжүүлж ажилласан. Үүний дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 30.0 тэрбум төгрөгийн зээл, улаан буудайн тариалан эрхлэгчдэд 5.0 тэрбум төгрөгийн үнийн зөрүүний татаас, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2.4 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн татаас зэргийг улсын төсвөөс санхүүжүүлсэн. Мөн алт олборлогчдыг дэмжих зорилгоор 94.7 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан эх үүсвэрээс, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Тариаланг дэмжих сангаас, хөдөлмөр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд 12.3 тэрбум төгрөгийн татаас, 9.1 тэрбум төгрөгийн зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон байна.

Олон улсын валютын сангийн хөтөлбөр:

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсад  таагүй нөлөө үзүүлж, энэ нь банк, санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик үзүүлэлтүүдээс ч тодорхой харагдаж эхэлсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн 2008 оны дүнгээр эдийн засгийн өсөлт саарч 8.9 хувьд хүрсэн, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4 дүгээр улиралд буурсан, гадаад худалдааны алдагдал ихээхэн нэмэгдсэн, арилжааны банкуудаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн, төсвийн нийт тэнцэл 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь 2009 онд дамжин үргэлжилж эдийн засаг 1,6%-иар буурсан. Үүнээс гадна, дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, цайр зэрэг металлын үнэ ханш өнгөрсөн оны дунд үеэс эхлэн огцом унаснаас манай улсын төсвийн орлого буурч, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учруулж эхэлсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн бодлого нь орлогын тогтвортой бус эх үүсвэрт суурилан, эрдэс баялгийн үнээс хэт хамааралтайгаар зарлагын тэлэлтийг дэмжиж ирснээс үүдэн улсын санхүү, төсөв эрсдэлд өртөж, тогтворгүйжих нөхцөл байдал бүрдсэний илрэл болсон юм.

Монгол улсын Засгийн газар энэхүү хямралыг  даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор ОУВС-тай “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард байгуулж, улмаар тус сангийн Захирлуудын зөвлөлөөр 2009-04-01-ний өдөр батлагдсан. Уг хөтөлбөр нь 18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлж зорилтот шалгуур үзүүлэлтүүдийг гаргасны дээр банкны систем, нийгмийн хамгааллын салбарын асуудлуудыг хамарсан бүтцийн шалгууруудыг мөн багтаасан. Ийнхүү Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг гадаад түншүүд сайшаан хүлээн авч, Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлэн, төсвийг тэнцвэржүүлэх, эх үүсвэргүй алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас 60 сая, Азийн хөгжлийн банкнаас 60 сая, Япон Улсын Засгийн газраас 50 сая ам доллар, нийт 170 сая ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтийг тус тус амласан болно. Стэнд-бай хөтөлбөрийн хүрээнд 153.3 сая зээлжих тусгай эрх (ойролцоогоор 235.2 сая ам. доллар)-ийг баталсан болно. Үүнээс, 2009 онд 107.3 сая, 2010 онд 46.0 сая  Зээлжих тусгай эрхтэй тэнцэх хөрөнгийг тус тус ашиглахаар төлөвлөсөн. Энэ нь төсөвт учруулсан дэлхийн санхүүгийн хямралын нөлөөг бууруулахад голчлон нөлөөлсөн.

4. ХЯМРАЛЫН СУРГАМЖЫГ ДАВТАХГҮЙ БАЙХ

2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн төсвийн уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс хараат байдаг, энэ шалтгаанаар төсвийн эх үүсвэр дутагдах, хямралын үед түүний эсрэг мөчлөгийн эсрэг бодлого явуулахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөтэй байх зэрэг шалтгаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа билээ.  Хуулийн гол агуулга нь төсвийн бодлогыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтаас бага хамаарсан, төсвийн зарлагын зохистой өсөлтийг хангасан, эдийн засаг, санхүүгийн аливаа хямралын үед үндэсний санхүүгий хуримтлалтай байх зэрэг үзэл санаа, тэдгээрийн зохицуулалтыг агуулсан.

Хуулийн төсөлд хямралын үед төсвийн тусгай шаардлагыг тү баримтлахгүй байх, төсвийн орлогын бууралтыг тогтворжуулалтын сангаар нөхөх, мөчлөгийн эсрэг сангийн бодлого явуулах боломжийг хуулиар гаргаж, тусгасан. Хуульд заасан тусгай шаардлагыг дараах тохиолдлуудад түр түтгэлзүүлж болохоор тусгасан. Үүнд:

Хуулийн төслийн 8.1.1: тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад  “0” эсхүл түүнээс бага, хасах хувьтай  бол

2000 онд ХАА-д гарсан зудны нөлөөгөөр эдийн засаг 1% болтол бууж байсан. 2009 онд эдийн засаг -1,6%-иар унасан. Энэ нь манай эдийн засагт тухайн үед томоохон шок болж байсан юм. Ийм хэмжээний шоктой эдийн засаг тулгарахад зайлшгүй төсвийн зүгээс зарлагаа нэмэгдүүлж, мөчлөгийн эсрэг бодлого явуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогын өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болно. Энэ үед төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй байхаар хуулийн зохицуулалт хийж өгсөн.

Хуулийн төслийн 8.1.2: гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь буюу түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.

Эдийн засаг, нийгмийн амьдралд байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, онц байдал зарласантай холбогдуулж гарах зардлын хэмжээ ДНБ-ий 5%-тай тэнцэхээр бол төсвийн тусгай шаардлагуудыг түр баримтлахгүй байхаар тусгасан.

Хямралын сургамжинд үндэслэн төсвийн тогтворжуулалтын сангийн хэмжээг тогтоосон.

Эдийн засгийн хямралын төсөвт үзүүлсэн нөлөө:

1.      Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн боловсруулалтыг 2009 оны гүйцэтгэл гарахаас өмнө боловсруулж өргөн барьсан. Гэтэл 2009 оны гүйцэтгэлээр 2008-2009 оны хямрал төсвийн орлогод, төсөвт үнэхээр хүнд  туссан болохыг бодитоор харуулсан. Манай   Хэрвээ төсвийн тогтворжуулалтын санг 2008-2009 онд байгуулсан байсан бол энэ хэмжээ нь 2008-2009 оны хямралыг даван туулахад хүрэх байсан эсэхэд хариулт өгөх хэрэгтэй. 2009 оны төсвийн зарлагын төлөвлөгөөг  төлөвлөгөөг ДНБ-ий 40,8% байхаар баталсан. Гэтэл хямралын улмаас 38,3% болгон тодотгол хийн 2,5%-иар төсвийн зарлагыг  батлагдсан төсөвтөө өөрчлөлт оруулан мөчлөгийн дагуу бодлого явуулахад хүрсэн. Мөн төсвийн алдагдлыг өмнөх жилүүдэд хуримтлуулсан Монгол улсыг хөгжүүлэх сан, гадаадын орнуудаас зээл, бонд гаргаж санхүүжүүлсэн нь төлөвлөгдөөгүй эх үүсвэр татахад хүрсэн. Үүний нийт дүн нь ДНБ-ий 5,4% байна. Мөн төсвийн орлого төлөвлөгдсөн хэмжээнээс гүйцэтгэлээр ДНБ-ий 2,4%-иар дутуу гарсан зэргийг бодолцож үзвэл нийт дүнгээрээ ДНБ-ий 9,9%-иар дэлхийн санхүүгийн хямрал улсын төсөвт дарамт үзүүлсэн байна. Тиймээс 2009 оны хямралын сургамжыг жишээ болгон ирээдүйд ийм хэмжээний хямрал дахин тулгарвал дор хаяж ДНБ-ий 10%-тай тэнцэх хуримтлалтай байх хэрэгтэй байжээ.

Хүснэгт 1.Санхүүгийн хямралын төсөвт үзүүлсэн нөлөөлөл

2006 он 2007 он 2008 он 2009 он
Эдийн засгийн өсөлт 8,6% 10.2% 8.9% -1.6%
Төсвийн орлогын ДНБ-д эзлэх хувийн жин 36,6% 34.4% 35.4% 32.9%
Төсвийн зарлагын  ДНБ-д эзлэх хувийн жин 33.3% 32% 40.2% 38.3%
Төсвийн алдагдал +3,3% +2.4% -4.8% -5.4%
Төсвийн алдагдлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлсэн.Үүнд:

–          Монгол улсыг хөгжүүлэх сан

–          Зээл

–          Бонд

219,6 тэрбум төгрөг

200.1 тэрбум төгрөг

170.0 тэрбум төгрөг

5. ДҮГНЭЛТ

Төсвийн орлого тодотгон төлөвлөсөн төсвийн орлогоос гүйцэтгэлээр буурч гарахад голчлон дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас үүдсэн эдийн засгийн бууралттай холбоотойгоор хүмүүсийн хэрэглээ буурч, үүнийг дагаад аж ахуй нэгжийн орлого буурсан, импорт буурсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нөлөөлсөн бол, нөгөө талаар эдгээрээс илүүтэйгээр хууль тогтоомжоорх хөнгөлөлт, чөлөөлөлт нэмэгдсэнтэй холбоотой байжээ.

Төсвийн зарлагын хувьд тодотгол хийх бүрт хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлсэн нь 2009 оны гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 6,7%,  их засварын гүйцэтгэл 5,3%, төслийн зээлээр санхүүжих авто замын гүйцэтгэл 20,3% – иар тус тус биелээгүй, төлөвлөгөөнд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 460.6 тэрбум төгрөг буюу төлөвлөгдсөн нийт зардлын 90.2 хувийн гүйцэтгэлтэй гарснаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилт 252.4 тэрбум төгрөг буюу төлөвлөгдсөн зардлын 87.4 хувь, МУХС-ын хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилт 172.2 тэрбум төгрөг буюу төлөвлөгдсөн зардлын 94.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эдийн засгийн хямралын сургамжаас үүдэн төсвийн төлөвлөлтиийг хэт савалгаа багатай тэнцвэржүүлж тооцох, хямралын эсрэг авч ашиглах зориулалттай хуримтлалтай болох, хамгийн гол нь төсвийн тогтвортой байдлыг хангасан хууль эрх зүйн орчинтой байхыг шаардаж байна.