Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем

Засгийн газрын төсвийн үйл ажиллагаа нь төсвийн менежер, төсвийн ерөнхийлөн захирагч эсвэл Сангийн яам зэрэг төсвийн төсөлд хяналт тавьж, засвар хийх эрх бүхий дээд байгууллагуудад төсвийн төслөө өргөн барьдаг бие даасан төсөвт байгууллагуудын түвшнээс эхэлдэг.

Төсвийн төлөвлөлтийн шинэ систем нэвтрүүлэх шаардлага

Төсөв төлөвлөх гэдэг нь төсөвт байрууллагын төвшнөөс эхлээд Монгол Улсын хэмжээний үйл ажиллагаа  учир төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагааг төлөвлөлтийн шат болгонд автоматжуулах, гар ажиллагааг багасгах үүднээс Төсвийн төлөвлөлтийн интернэтэд суурилсан шинэ системийг хөгжүүлэн нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарсан.

Энэхүү шаардлагыг хангах үүднээс Төсвийн төлөвлөлтийн систем боловсруулах гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Канадын Freebalance Inc компани, дотоодын туслан гүйцэтгэгчээр Интерактив ХХК шалгарч 2009 оны 1 дүгээр сарын 9-нд гэрээгээ байгуулан 2009 оны 2 дугаар сарын 18-нд ажлаа албан ёсоор эхлэн 2010 онд шинэ төсвийн системд шилжиж 2011 оны төсвийн төслийг шинэ системээр тооцоолж эхлэхээр ажиллаж байна.

Шинээр нэвтрүүлж буй системийн давуу талууд

–       Интернет вэб технологийг ашиглах

Сүлжээнд болон интернэтэд холбогдох боломжгүй газруудад төсвийн системийн бие даасан хувилбарыг ашиглах бөгөөд төв системдээ төсвийн мэдээллийг экспорт/импорт хийх аргаар мэдээллээ дамжуулна.

–       Ажлын урсгалд тулгуурлана

Төсвийн систем нь төсвийн байгууллагуудын онцлог хэрэгцээний дагуу төсвийн баримтуудыг электрон хэлбэрээр хадгалж, хянах ажлын урсгалын системтэй байна. Ингэснээр төсвийн баримтуудыг дахин гараар оруулахгүйгээр төсвийг өргөн барихад шаардлагатай бүх баримтуудыг автоматаар гаргадаг болно.

–       Нэгдсэн дансны жагсаалт үүсгэх, ашиглах

Нэгдсэн дансны жагсаалтыг ашигласнаар төсвийн систем болон бусад системүүд харилцан уялдаатай ажиллах боломжтой болж системүүд хоорондоо шууд мэдээлэл дамжуулах болно. Төсвийн  системийг ийнхүү бүх төсвийн байгууллагад суурилуулах нь Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн (ЗГСУМС) системтэй холбогдож, нэгдсэн тайлан тэнцлийн шинэ системийг бий болгох боломжийг бүрдүүлнэ.

–       Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

Монгол улсын төсөв бол олон нийтэд зориулсан баримт бичиг бөгөөд олон нийтийн ашиг сонирхол нь төсөв боловсруулах, хянах үйл явцыг ил тод байлгахад чиглэгддэг. Одоогийн байдлаар нээлттэй ил тод байх шаардлагыг хангахгүй байна. Төсөв боловсруулах, хянах явцад хийгдэх өөрчлөлт нь сонирхсон хүн бүрт харагдахуйц нээлттэй байх ёстой. Жишээ нь төсөвт байгууллагын төсвийн ажилтнууд төсвийн санал өгснөөс хойш дараа оны эхэн хүртэл ямар ч мэдээлэлгүй байсаар оны эхээр бодит төсвийнхөө мэдээллийг хүлээж авдаг. Энэ хугацаанд ихэнхдээ төсвийн төсөл өөрчлөгдөж хасагдсан байдаг. Систем нь энэхүү үйл ажиллагааны тодорхой ил тод байдлыг төсвийн ажилтнуудад мэдээлдэг болгоход чиглэгдэнэ.

–       Олон нийт хандах боломжтой байна

Мөн олон нийт төсөв төлөвлөх, хянах үйл явцыг ажиглах боломжоор хангагдсан байх ёстой. Төсвийн бүх үйл ажиллагаанд олон нийт оролцох, санал дүгнэлт өгөх зориулалт бүхий вэб хуудастай байхаар хийгдэх төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд төсвийн ил тод байдлын http://www.iltod.gov.mn байнгын ажиллагаатай вэб хуудсыг ажиллуулж эхлээд байна.

–       Ашиглахад хялбар

Хэрэглээний програмын архитектур нь ашиглахад хялбар эцсийн хэрэглэгчид ойлгоход  авсаархан байна.

–       Төсвийн баримтуудыг автоматаар гаргах

Систем нь мэдээллийн электрон солилцоог дэмжих ёстой хэдий ч албан ёсоор одоогийн хэрэглэгдэж байгаа цаасан баримт бичгийг гаргадаг байна. Монголд цахим гарын үсэг хууль ёсны болоогүй байгаа учир цаасан баримт бичгүүд хууль ёсны төсвийн шаардлагыг хангах үүднээс гарын үсэг, тамгаар баталгаажиж байна. Сүлжээнд  холбогдоогүй бие даасан системтэй хэрэглэгчдийн хувьд ч төсвийн систем нь электрон хэлбэрийн баримт үүсгэх, түүнийг нь дээд шатны байгууллагууд нь татаж авах боломжтой байна.  Норм, норматив болон хөтөлбөр, бүтээгдэхүүнд суурилсан зардлыг системд томьёолон оруулах бөгөөд орцыг оруулахад систем автоматаар бодож эдийн засгийн ангилалд шилжүүлдэг болно.Төсвийн систем орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүд, нэгтгэл, гүйцэтгэлийн (сарын мэдээ болон хагас жил, жилийн баланс) гэсэн үндсэн модуль  хэсгүүдтэй байна.

Шинээр хийгдэж буй системийн хөгжүүлэлтийн явц байдал

Тус системийг боловсруулах ерөнхий төлөвлөгөө гаргаж, төслийн багийг бүрдүүлэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нартай  нягт хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:

–     Системийн архитектурыг гүйцэтгэгч байгууллагуудтай харилцан тохиролцсон

–     Систем хөгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулав. Үүнд системийг боловсруулах төлөвлөгөөг модуль бүрээр боловсруулах, тестлэх, эцсийн хэрэглэгчдийг сургах төлөвлөгөө хийгдсэн.

–     Хэрэглэгчийн функциональ шаардлагын эхний хувилбарыг боловсруулав

–     Уг системийн эхний альфа хувилбар буюу хамгийн эхний хувилбарыг хүлээн авч үйл ажиллагаа болон процедурын хувьд шалгах, нягтлах ажил үргэлжилж байна.