Төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар мөрдөх тухай

February 25, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

УИХ-аар батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах болон төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал баримтлахаар заасан. Хуульд тодорхой шалтгааны улмаас төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар баримтлахаар тусгай шаардлага тус бүрээр үечлэлийг зааж өгсөн. Хуульд заасан тусгай шаардлагууд болон тэдгээрийн дагаж мөрдөх үечлэлийн тухай товч тайлбарыг дор танилцуулж байна.

I.  Хуульд тусгагдсан төсвийн тусгай шаардлагууд:

Хуульд доорх дөрвөн төсвийн тусгай шаардлага нэгэн зэрэг хангагдахаар заасан. Үүнд:

Хуулийн  6.1.1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;

Хуулийн 6.1.2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;

Хуулийн  6.1.3. Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний  өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн  эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;

Хуулийн 6.1.4. Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх.

II. Төсвийн тусгай шаардлагыг дараах төсвийн баримт бичгүүдэд баримтлана.

1.    Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл

2.    Тухайн жилийн төсвийн төсөл

3.    Тухайн жилийн төсөв

4.    Төсвийн тодотгол

5.    Төсвийн гүйцэтгэл

III. Тусгай шаардлагыг дагаж мөрдөх үечлэл:

Хуульд заасны дагуу төсвийн тусгай шаардлагуудыг үе шаттайгаар баримтлахаар заасныг дор хүснэгтээр харуулав.

Төсвийн тусгай шаардлагыг 2011-2013 онуудад хэрхэн баримтлах тухай

Төсвийн жил / Тусгай шаардлагууд 2011 оны ТХМ, жилийн төсөв 2012 оны ТХМ, жилийн төсөв 2013 оны ТХМ, жилийн төсөв
Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох Баримтлана Баримтлана Баримтлана
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх Баримтлахгүй Баримтлахгүй Баримтлана
Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний  өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн  эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх Баримтлахгүй Баримтлахгүй Баримтлана
Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх Баримтлана

/ хуулиар 50 хувь байж болох бөгөөд 40 хувиас илүү гарсан 10 хувиар зөвхөн Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах зориулалттай/

Баримтлана

/ хуулиар 60 хувь байж болох бөгөөд 40 хувиас илүү гарсан 20 хувиар зөвхөн Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах зориулалттай/

Баримтлана

/ хуулиар 50 хувь байж болох бөгөөд 40 хувиас илүү гарсан 20 хувиар зөвхөн Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах зориулалттай/

Хуулийн 6.1.1 буюу тэнцвэржүүлсэн орлогын тусгай шаардлагын хувьд:

Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох заалтыг хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх бөгөөд ямар нэгэн шилжилтийн заалт байхгүй. Тиймээс 2011 оны төсвийн жилд гол нэр төрлийн тэнцвэржүүлсэн орлого гэсэн ТТБТ хуульд заасан орлогыг тооцох бөгөөд уг орлогыг тэдгээрийн тэнцвэржүүлсэн үнэд тулгуурлан тодорхойлно.  Ингэснээр төсвийн орлогыг ашигт малтмалын хэт өндөр үнэ дээр суурилан тооцохгүй болно.

Хуулийн 6.1.2, 6.1.3 болох төсвийн алдагдлын болон төсвийн зарлагын хязгаарлалтын  хувьд:

Эдгээр төсвийн тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл болон төсвийн зарлагын өсөлтийн хязгаарын тухай тусгай шаардлагыг 2011, 2012 онуудад баримтлахгүй бөгөөд 2013 оноос эхлэн дагаж мөрдөнө. Улс төрийн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор энэхүү  2 заалтыг 2013 оноос баримтлахаар заасан.Тиймээс 2011, 2012 онд төсвийн алдагдал, төсвийн зардалд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Хуулийн 6.1.4 буюу өрийн тусгай шаардлагын хувьд: Өрийн тусгай шаардлагыг 2014 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө. Өрийн шаардлагыг тодорхой үе шаттайгаар хангах бөгөөд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь 2011 онд ДНБ-ий 50%, 2012 онд 60%, 2013 онд 50%, 2014 оноос 40%-иас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Эдгээрийг мөн үе шаттайгаар хангана. Үүнд:

“Хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.” гэж хуульд  заасан.

2011-2013 онуудад өрийн шаардлага болох 40 хувийг баримтлахгүй боловч өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн улсын өрийн ДНБ-ий 40 хувиас давсан хэсэгт Засгийн газар зөвхөн тогтворжуулалтын сан бий болгох хүртэлх хугацаанд хуульд заасан тодорхой хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулалтаар төрийн өмчит хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргана.” гэж өрийг 40 хувиас хэтрүүлэн авах нөхцлийг зааж өгсөн.

Дүгнэж хэлбэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг 2 үе шаттайгаар баримтлана.

I үе шат. 2011-2012 онуудад төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын болон төсвийн зарлагын тусгай шаардлагуудыг тус тус баримтлахгүй.

II үе шат. 2013 оноос тусгай шаардлагуудыг нэг бүрчлэн баримтлана.