Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын үнэлгээ хийх талаар бусад орны практик

February 25, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Сангийн яамнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өргөн барих үедээ түүнтэй хамт Монгол Улсын Их Хурлын  Сонгуулийн тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зарим нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно. Эдгээр хуульд оруулах нэмэлт нь улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэхэд төсвөөс гаргах зардлыг тооцон үнэлгээ хийх, түүний талаар олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулах агуулгатай юм.

Энэ асуудлыг судлан боловсруулж хуулийн төсөлд тусгахдаа бусад улс орнуудад энэ талаар тогтоосон хууль эрх зүйн  нийтлэг орчныг харгалзан үзэж, манай улсад тохиромжтой гэж үзсэн хувилбарыг сонгосон. Тухайлбал Австрали улсад 90-ээд оны  дунд үеэс өмнө эрдэс баялгийн салбар эдийн засагт түлхүү нөлөөтэй, төсвийн орлого нь үнэт чулуу, уул уурхайн бусад гол төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнээс хамаарч хэлбэлздэг байсан ажээ. Гэтэл энэ нөхцөлд сонгуульд оролцогч улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тэрхүү эрдэс баялгийн орлогод дулдуйдсан, эсхүл эдийн засгийн  өсөлт, төсвийн бодит боломжоос хэтэрсэн улс төрийн амлалтыг тусгах, эцэст нь түүнийг хэрэгжүүлэх явцад төсвөөр дамжиж макро эдийн засгийн тогтворгүй байдал үүсч ялангуяа улсын өрийн ДНБ-нд эзлэх хувь их хэмжээгээр нэмэгдсэн, гадаад худалдааны тэнцлийн алдагдал ихсэх, засгийн газрын богино хугацааны зээлд хязгаарлалт тавих механизм сул байсан гэж үздэг. Иймд  улс төрийн намууд сонгуулийн амлалтыг улс орны эдийн засаг, төсвийн бодит бололцоонд тулгуурлаж илүү бодитой болгох, сонгогчид тус улсын парламентийн сонгуулиар илүү зөв сонголт хийхэд үнэн зөв мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.

Дээрх байдлыг харгалзан тус улсад бусад орнуудын төсвийн хариуцлагын тухай хуультай ижил төстэй агуулга бүхий Төсвийн итгэлцлийн хууль (Budget Honesty Act)-нэртэй хуулийг анх 1998 онд Парламент нь баталж баримталжээ. Энэхүү хуульд улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтаас тоон утгаар илэрхийлж болох хэсэгт нь төсвөөс шаардагдах зардлын үнэлгээ хийх, түүнийг  олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулж байхаар “Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын үнэлгээ хийх, түүнийг олон нийтэд мэдээлэх” гэсэн тусгай бүлэг болгож тусгажээ. Дээрх хуульд 2000-2004 онд зарим нэмэлт өөрчлөлт оруулсан боловч сонгуулийн амлалтын талаар үнэлгээ хийх харилцааг зохицуулсан энэ хууль эрх зүйн орчин нь өнөөг хүртэл хэвээр хадгалагдан үйлчилж байна.

Сонгуулийн амлалтыг бодитой болгоход улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх, сонгогчдоос хууль тогтоох төлөөллийн байгууллагыг сонгох сонголтыг хийхэд мэдээллээр хангахад чиглэсэн иймэрхүү хууль эрх зүйн орчин бүрдүүлж хэрэгжүүлж байгаа орны тоонд мөн Англи, Европын холбооны бараг бүх орон, Энэтхэг, Бразил, Шинэ Зеланд, Панам, БНСУ зэрэг олон орон багтдаг.  Судалгаанаас үзэхэд эдгээрээс тухайн харилцааны зохицуулалтыг хамгийн цогц шинжтэй, дэлгэрэнгүй агуулгаар нь зүйл заалт болгож хуульчилсан орны нэг нь Австрали улс юм.  Эдгээр улсын хуульд сонгуулийн амлалтын үнэлгээг хийх, олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт нь дараах  нийтлэг гол  агуулгатай байна. Тухайлбал, Австрали улсын дээрх хуульд:

  • Сонгуульд оролцогч улс төрийн намууд өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогын зорилт, тодорхой амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн зардлын хэмжээг тооцуулж үнэлгээ хийлгэх хүсэлтийг эдийн засаг, санхүү, төсвийн нэгдсэн бодлого эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Treasury буюу манай нөхцлөөр бол Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооны чиг үүргийг нэгтгэн хэрэгжүүлдэг байгууллагад сонгууль явагдахаас тодорхой хугацааны өмнө тухайн үед төрийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын ерөнхий сайд өөрийн намын нэрийн өмнөөс, улс төрийн сөрөг хүчин болон бусад намууд өөрийн намын нэрийн өмнөөс тус тус албан ёсоор хүргүүлдэг;
  • Дээр дурдсан үнэлгээг хийх хүсэлтийг эдийн засаг, санхүү, төсвийн нэгдсэн бодлого явуулдаг Treasury нь хүлээн аваад намуудын хөтөлбөрийн бодлогын зорилт ба амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын хэмжээг тооцоод, энэ нь ирэх сонгуулийн хугацаанд болон цаашид төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх байдлыг төсвийн орлого, зарлага, төлбөрийн тэнцэл, мөнгөний нийлүүлэлт, валютын ханш, инфляци, хэрэглээний үнийн түвшин зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтээр харьцуулсан үнэлгээ хийдэг;
  • Эдийн засаг, санхүү, төсвийн нэгдсэн бодлого явуулдаг дээрх байгууллага нь улс төрийн намуудын хүсэлтийн дагуу сонгуулийн амлалтын үнэлгээг хараат бусаар гүйцэтгээд холбогдох нам, ерөнхий сайдад хүргүүлээд бие дааж олон нийтэд мэдээлдэг. Гэхдээ энэхүү үнэлгээний талаар тухайн үнэлгээ хийсэн байгууллага ямар аргачлалаар хийсэн тухай ил тод мэдээлдэг. Ийнхүү уг үнэлгээг олон нийтэд мэдээлсэнээс хойш тухайн байгууллага нь энэ талаар өөр ямар нэг нэмэлт үүрэг хүлээхгүй, үнэлгээний талаар улс төрийн хүчнээс  ямар нэг нэмэлт захиалга авдаггүй;
  • Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцож үнэлэх ажиллагаанд түүнийг намуудын хүсэлтийг ийнхүү хүлээн авч хариуцан гүйцэтгэх дээрх байгууллагаас гадна төрийн захиргааны бүх шатны байгууллага дэмжлэг үзүүлэх үүргийг хуульчлан заасан зэрэг асуудлыг хамарсан нийтлэг жишигтэй байна.