Төсвийн төлөвлөлтийн шинэ системийн бүтэц, ажиллах зарчим

Шинээр боловсруулагдаж буй Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем нь орчин үеийн технологид тулгуурласан олон төрлийн үйлдэл, ач холболдол бүхий биеэ даасан шинэ систем юм. Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем нь дотроо хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Системийн модулуудаас хамаарч системийн бүрэлдэхүүн хэсгийн үүрэг ач холбогдол өөр хоорондоо ялгаатай байх бөгөөд төсвийн процесын үе шатаас хамаарч ажиллана.

Төсвийн төлөвлөлтийн шинэ системийн бүрэлдэхүүн хэсгүүд:

  1. Интерфэйс
  2. Төрийн сангийн систем хоорондын интерфэйс
  3. Output буюу Гарц
  4. Төсвийн хуваарилалт
  5. Төсвийн хязгаар
  6. Орцод суурилсан тооцоолол
  7. Ажлын хүснэгт
  8. Төсвийн загвар
  9. Хөрөнгө оруулалт
  10. Анализ шинжилгээ болон төсөөлөл
  11. Шилжүүлэг
  12. Тайлан
  13. Санхүүгийн тайлан
  14. Олон нийтэд мэдээлэх систем

1.  Интерфэйс

Төсвийн төлөвлөлтийн шинэ систем нь вэб технологид тулгуурласан онлайн систем бөгөөд системийн хэрэглэгч систем дээр ажиллахын тулд интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Харин сүлжээнд холбогдоогүй, интернет ашиглах боломжгүй болсон хэрэглэгчид өөрийн техник хэрэгсэл дээр системийн хувилбарыг суулгаж төв мэдээллийн системээс байгууллагад шаардлагатай тоо, мэдээллийг хуулж байгууллагынхаа төсвийн төслийг бэлтгэх боломжтой. Ингэснээр энэхүү систем нь техникийн нөхцөлөөс үл хамааран бүх шатны төсөвт байгууллагуудыг хамарна. Мөн төсөв хянах, нэгтгэх эрх бүхий харъяалах дээд байгууллага болон албан тушаалтнаас байгууллага төсвийн хязгаар хүлээж авах, төсвийн төслөө өргөн барих, илгээх зэрэг ажиллагааг экспорт, импорт хийх замаар явуулах боломжтой.

Сүлжээнд холбогдоогүй байгууллагууд дараахь мэдээллийг төв системээс импортлон авч болно. Үүнд:

-         Төсвийн хязгаар

-         Норм, норматив

-         Хууль, эрх зүйн акт, дүрэм, журам, заавар

-         Хуваарилагдсан төсөв

-         Төсвийн баримт бичиг зэргийг оруулна.

2.  Төрийн сангийн систем хоорондын интерфэйс

Төсөвт байгууллгага бүр ирэх оны төсвийн төслийн саналаа бэлтгэн харъяалах дээд байгууллагадаа өргөн барьдаг бөгөөд байгууллагын өгсөн саналыг төсөв хянах, нэгтгэх эрх бүхий байгууллага нэгтгэж, Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурал  баталдаг. Батлагдсан төсвийг Төрийн сангийн систем руу экспортолсноор төсөвт байгууллагуудын санхүүжилтын эрх нээгдэнэ. “Төрийн сангийн систем хоорондын интерфэйс” модуль нь дээрх ажиллагааг гүйцэтгэхэд зориулагдсан бөгөөд батлагдсан төсвийг байгууллага, эдийн засгийн ангилал болгоноор экспортолдог. Энэ ажиллагаа нь төсвийн хуваарь батлагдсанаар гүйцэтгэгдэнэ.

3.  Output буюу Гарц

МУ-ын Засгийн газраас төсвийн дунд хугацааны төлөвлөлт буюу хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийн онцлог нь байгууллага бүр салбарын онцлогоос хамааран өөрийн үйл ажиллагаагаа тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх бөгөөд төсвийн хөрөнгө нь байгууллагуудын зардлыг санхүүжүүлэхэд бус харин төрийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхийн тулд төсөвт байгууллагуудын нийгэмд чиглэсэн тодорхой хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориуллагддаг томъёолж болно.

Хөтөлбөр болгон тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгдсэн байх бөгөөд дээрх үр дүн буюу гарцыг тодорхойлох, хэмжихэд “Output буюу Гарц” гэдэг модулийг ашиглана. Нэг байгууллага хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой мөн хэдэн  хэдэн байгууллага нэг хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Үүнээс хамаарч байгууллагад нэг болон нэгээс дээш гарц буюу үр дүн байх бөгөөд энэ нь хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөс хамаарна.

4.  Төсвийн хуваарилалт

Төсвийн хуваарилалт нь төсөв батлагдсаны дараахь процесс бөгөөд хуваарилагдсан төсөв эрх бүхий байгууллага албан тушаалтнаар баталгаажиж, төрийн сан руу илгээгдэх хүртэл энэ модулийг ашиглана.

Модулийн эхний шат нь УИХ болон ИТХ-р батлагдсан төсөв, байгууллагын өгсөн саналаас зөрүүтэйгээр батлагдах тохиолдол элбэг бөгөөд энэ тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч, байгууллага бүрээр батлагдсан төсвийг хүргүүлнэ. Дараагийн шат нь байгууллагууд хүлээн авсан батлагдсан төсвийн дүнг 12 сард хуваарилж дээд шатны байгууллагад хүргүүлнэ. Дээд шатны байгууллага, албан тушаалтан байгууллагаас ирүүлсэн хуваарийн саналыг хянаж, нэгтгэл хийх эрх бүхий байгууллага руу илгээж, нэгтгэл хийх эрх бүхий байгууллага нэгтгэлийг хийж хуваарийг батлуулах бэлтгэл ажлыг хангана. Дээрх ажиллагааг гүйцэтгэхэд “Төсвийн хуваарилалт” модулийг ашиглана.

5.  Төсвийн хязгаар

Төсвийн хязгаар нь орлогын төвлөрүүлж болох доод хэмжээ, төсвийн зарлагын дээд хэмжээ юм. Төсвийн Ерөнхийлөн захирагчаас эхлээд төсөвт байгууллага бүр төсвийн хязгаартай байна мөн энэ хязгаартаа багтаан төсвийн төлөвлөлтийг хийнэ.  Төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэж Засгийн газраар батлагдсан төсвийн хязгаарыг сангийн яамнаас төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нараас харъяа яам, агентлаг, байгууллагуудад хүргүүлэх хүртэл “Төсвийн хязгаар” модулийг ашиглана. Шат шатны эрх бүхий байгууллагууд төсвийн хязгаарын модулийг ашиглан хязгаарыг хүргүүлэхдээ олон сонголтоор хүргүүлж болно. Зөвхөн байгууллагын дүнгээр бус, хөтөлбөр арга хэмжээний дүнгээр болон эдийн засгийн ангилалын дүнгээр хүргүүлэх боломжийг систем хангасан. Мөн системийн бас нэг функц бол хязгаарын багцыг үүсгэх функц бөгөөд нэг хязгаарын багцад ижил төрлийн байгууллагуудын хязгаарыг хамтатган оруулж өгнө.

Системийн тохируулгыг зөвхөн хязгаарт зөвшөөрөгдсөн дүнг авах, хязгаараас давсан дүнг авах, тодорхой хувь хэмжээгээр хэтрүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн дүнг авах зэргээр тохируулж өгнө. Хэрэв зөвхөн хязгаарт багтсан дүнг оруулах боломжтой гэсэн тохируулгыг хийсэн тохиолдолд байгууллага зөвхөн тухайн дүн хүртлэх мөнгөн дүнг системд оруулж, хэрэгцээтэй нэмэлт дүнг нэмэлт санхүүжилтын хэрэгцээ гэсэн талбарт бөглөнө.

6.  Орцод суурилсан тооцоолол

Байгууллагын хэрэглэгч өөрийн байгууллагын төсвийг эдийн засгийн ангилал болгоноор шивнэ. “Орцод суурилсан тооцоолол” модуль нь эдийн засгийн ангилал дээр үндэслэн  ажилладаг. Энэ модулийн зорилго нь системийн хэрэглэгчийн ажлыг хөнгөвчлөх үүднээс системд урьдчилан оруулсан норм, норматив, тооцооллыг ашиглан төсвөө шивэх боломжийг хангах мөн улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа нийт норм, нормативыг цугуулах, тэдгээрийн нэгдсэн бааз бүрдүүлэхэд оршдог. Хэрэглэгч төсвөө шивэх үед тухайн байгууллагатай холбогдох норм, норматив буюу тогтмол зардлуудын үнэ, тариф системд орсон нөхцөлд хэрэглэгчээс зөвхөн хэрэглээг оруулахыг шаардана. Оруулсан хэрэглээний дүн болон тогтмол зардлуудын үнэ, тариф дээр үндэслэн систем тооцооллыг автоматаар хийж харгалзах эдийн засгийн ангиллын нүдэнд дүн тавигдана. Мөн төсвийн төслийг хянах эрх бүхий мэргэжилтэн нь энэ модулийг ашиглан хэрэглэгчийн оруулсан дүнд өөрчлөлт оруулах боломжтой.

7. Ажлын хүснэгт

Төсвийн төлөвлөлтийн системийн үндсэн модулийн нэг болох ажлын хүснэгтийн модуль нь хэрэглэгчдийн төсвийн төслөө оруулах үндсэн функц юм. Тухайн төсөвтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг бас хамаардагаараа онцлогтой. Ажлын хүснэгтийн модуль дээр төсвийн төлөвлөлтийн процессын бүх үе шатууд систем дээр хийгдэх боломжтой. Ажлын хүснэгтийн нэмэлт мэдээлэлд: Тухайн төсөв аль байгууллагын төсөв болохыг харуулсан байгууллагын код, мөн аль ТЕЗ-н багцад харъяалагдахыг заасан талбаруудыг оруулж өгсөн. Байгууллага хэд хэдэн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд ажлын хүснэгтийг хөтөлбөр, арга хэмжээ болгоноор задалж төсвийг шивнэ. Электрон байдлаар системд оруулж, байгууллагад хүргүүлсэн төсвийн хязгаарыг ажлын хүснэгтэн дээр дуудаж оруулж өгөх ба ингэснээр төсөв шивэх талбар дээр тохируулгын дагуу хязгаарын хүрээнд зөвшөөрөгдсөн дүнг оруулах боломжтой. Мөн ажлын хүснэгтийн талбар дээр төсөвтэй холбоотой дүрэм, журам, заавар, төсөв бэлтгэх удирдамжийг хавсаргах боломжтой бөгөөд энэ нь хэрэглэгчийг мэдээллээр хангах зорилтыг хэрэгжүүлсэн.

Төсвийн төлөвлөлт хийхэд өмнөх жилүүдийн төсөв болон гүйцэтгэлийн мэдээлэл чухал үүрэгтэй байдаг. Систем дээр төсвийн төслийг боловсруулж байгаа хэрэглэгч системд урьдчилж оруулсан өмнөх оны төсвийн гүйцэтгэлийн мэдээг ашиглан ажлын хүснэгтийн модуль дээр зэрэгцүүлэлт хийх боломжтой.

8.  Санхүүгийн тайлан

Төсвийн төлөвлөлтийн систем нь онлайн систем гэдгээрээ бүх төсөвт байгууллагуудыг хамрах боломжтой. Төсөвт байгууллагын санхүүгийн тайланд: санхүүгийн байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан мөн тодруулга 12 тайлан багтана. Эдгээр тайланг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр системд оруулах боломжтой ба системд оруулах өөр нэг арга нь бусад системүүдээс экспортлон авах юм.

9.  Төсвийн загвар

Төсвийн системийг ашиглан төсвийн төлөвлөлт хийхийн тулд төсвийн байгууллага шаардлагатай эдийн засгийн ангиллуудаар мөнгөн дүнг оруулна. Батлагдсан эдийн засгийн ангилал нь төсвийн бүх байгууллагын хэмжээнд мөрдөгдөх нэгдсэн ангилал байна. Гэхдээ үйл ажиллагааны чиглэлээс хамааран байгууллагууд харилцан адилгүй эдийн засгийн ангиллуудыг ашиглах боломжтой. Иймээс салбар бүрт ашиглагдах эдийн засгийн ангиллуудыг ялган бүлэглэж Төсвийн загварыг үүсгэдэг.  Төсвийн загварыг үүсгэхдээ энэ загварыг ямар байгууллагууд ашиглах вэ гэдгийг нь байгууллагын жагсаалтаас сонгох ба тухайн байгууллага доороо харьяалах байгууллагатай бол төсвийн загвар тэдгээр байгууллагуудад мөн ашиглагдана. Төсвийн загвар нь хэрэглэгч төсвөө хялбараар оруулах боломжийг бий болгоно. Мөн дээд шатны байгууллагууд төсвийн нэгтгэл хийхдээ энэхүү загварыг ашиглан нэгтгэл хийнэ. Төсвийн загвар нь орлого, зарлагын ангиллуудаас бүрдэх ба тэдгээрийг системд данс гэсэн ойлголтоор ашигладаг.

10.  Хөрөнгө оруулалт

Төсвийн байгууллагуудад хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын төслийг төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн боловсруулж, Сангийн яаманд хүргүүлэх ба Сангийн яамнаас хянаж, шаардага хангасан хөрөнгө оруулалтын төслүүдийг УИХ-д өргөн барьдаг. УИХ-р батлагдаж аль нэг ерөнхийлөн захирагчийн төсөвт сууж, ирэх онд хэрэгжүүлэх бүх  төсөл, хөтөлбөрүүдийг бүртгэх, судалгаа тооцоо хийх зэрэг ажиллагааг “Хөрөнгө оруулалтын” модулиар дамжуулан гүйцэтгэнэ. Он дамжин хэрэгжих болон хэрэгжүүлэх аливаа хөрөнгө оруулалтын төслийг бүртгэснээр улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг судлах боломжтой болно. Мөн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийн хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох зэрэгт модулийн ач холбогдол оршино.

Бүх шатны төсөвт байгууллагын хөрөнгө оруулалтын төслийн хэрэгцээ, зорилго болон дагалдах нэмэлт мэдээлэл болох зураг схем, төсөвт өртөг, хэрэгжих хугацаа зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг дэлгэрэнгүйгээр энэхүү модулиар дамжуулан оруулах ба ингэснээр төсвийн байгууллагаас санал болгож байгаа хөрөнгө оруулалтын  төслийг эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан хянахад шаардлагатай мэдээллүүдийг систем агуулна.

11.  Анализ шинжилгээ болон төсөөлөл

Төсвийн төлөвлөлтийн шинэ систем бүх шатны төсөвт байгууллагуудыг хамрахыг зорьж байгаа бөгөөд төсвийн төлөвлөлтийн процессын бүх үе шат энэхүү системээр дамжиж хэрэгжинэ. Иймд системд их хэмжээний тоо, мэдээлэл, төсвийн баримт цугларч, төсвийг оновчтой төлөвлөх, төсвийн зарлагын удирдлагыг сайжруулах болон шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангахад зориулж төсвийн тоо, баримт, мэдээлэлд анализ хийх, прогноз гаргах, макро эдийн засгийн нөлөөллийг тооцох зэрэг ажиллагааг “Анализ шинжилгээ болон төсөөлөл” модулиар гүйцэтгэнэ. Энэ модулийг системийн эрх бүхий хэрэглэгчийн эрх олгосноор ашиглах бөгөөд яам, агентлагууд салбарын төвшинд өөрийн төсвийн ирэх оны төсөөллийг гаргах зэрэгт ашиглах боломжтой. Мөн энэхүү функцээр төсвийн хэд хэдэн хувилбарыг үүсгэж хооронд нь харьцуулах боломжтой.

12.  Шилжүүлэг

Төсвийн хуваарь батлагдаж төрийн сан руу байгууллагуудын сар тутмын төсвийн хуваарийг оруулснаар санхүүжилтийн эрх нээгдэх боломжтой болдог. Сарын хуваарь батлагдсаны дараа хуваарьт өөрчөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд “Шилжүүлэг” модулийг ашиглана. Байгууллагын эдийн засгийн ангилал хооронд, сар хоорондын дүнд, байгууллага хооронд шилжүүлгийг хийж болно, үүний тулд төсвийн батлагдсан хуваарьт өөрчлөлт оруулна. Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахын тулд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авах хэрэгтэй, үүний тулд байгууллагууд саналаа Сангийн яаман дээр тавьдаг. Энэ ажиллагааг компьютерийн системд тулгуурлан төсвийн төлөвлөтийн шинэ програм дээр цахим байдлаар гүйцэтгэх боломжтой ба энэ ажиллагааг гүйцэтгэхэд модулийн зорилго оршино. Модулийг ашиглаж, хэд хэдэн хянан баталгаажуулах ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хуваарьт өөрчлөлт оруулна. Ингэснээр системд оруулсан өөрчлөлт баталгаажсаны дараа автоматаар төрийн сангийн систем руу илгээгдэж, санхүүжилтэнд өөрчлөлт орно.

13.  Тайлан

Мэдээллийн систем болгон бааз бүрдүүлж, түүнд боловсруулалт хийж эцсийн үр дүнг тайлагнадаг. Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем нь хоёр төрлийн тайлангийн функцтэй бөгөөд эхнийх нь систем дэх тохируулж өгсөн форматаар хэрэглэгч тоо, мэдээллээ авна. Дараагийн функц нь хэрэглэгч өөрийн хүссэн формат, загвараар тайлан авах боломжтой, энэ тохиолдолд хэрэглэгч өөрөө тайлангийн загвараа систем дээр бэлтгэнэ. Төсвийн төлөвлөлтийн процессын үе, шат болгонд хэрэглэгч дуртай үедээ тайланг системээс авах боломжтой. Жишээлбэл: Төсвийн хязгаарын тайлан, салбарын түвшинд болон тухайлсан нэг эрх бүхий хянагчийн түвшинд батлагдсан төсвийн дүн, төсвийн хуваарь зэрэг тоо мэдэээлэл, тайланг авах боломжтой.

14.  Олон нийтэд мэдээлэх систем

Олон нийтэд мэдээлэх систем нь төсвийн системээс хараат бусаар ажиллах бөгөөд төсвийн төлөвлөлтийн системээс эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоо, мэдээллийг импортлон авч олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий мэдээллийн систем юм. Олон нийтэд мэдээлэх систем руу дотоодын болон гадаадын дурын хэрэглэгч, байгууллага, төрийн бус байгууллага хандах боломжтой. Энэхүү системд МУ-н төсөвтэй холбоотой дүрэм, журам, заавар болон төсвийн тоо, материалд судалгаа, анализ хийх зэрэг шаардлагын үүднээс хэрэглэгч системд өөрийн тодорхойлсон загвар, форматаар бүх шатны төсөвт байгууллагын төсвөөс эхлээд тухайн оны болон өмнөх оны  батлагдсан төсөв, тодотгогдсон төсөв, төсвийн гүйцэтгэл, төсвийн хуваарь зэрэг төсөвтэй холбоотой бүхий л тоо, мэдээлэлтэй танилцах эрхтэй.