Төсвийн төлөвлөлтөд мэдээллийн системийн хэрэглээ, өнөөгийн байдал

February 17, 2011 · Нийтэлсэн: · 2 Сэтгэгдэл   Post to Twitter

Удиртгал

Монгол улсын Засгийн Газар Дэлхийн Банкны Олон Улсын Хөгжлийн Холбооны санхүүжилтээр боловсруулсан Эдийн Засгийн Өсөлтийг Дэмжих ба Ядуурлыг Бууруулах Стратеги (ЭЗӨДЯБС) хэрэгжиж байна. Энэхүү стратегийн бүрэлдэхүүн хэсэг болох Эдийн Засгийн Чадавхийг Бэхжүүлэх Техникийн Туслалцааны Зээлийн Төсөл (ЭЗЧБТТЗТ) тус стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн чадавхийг бэхжүүлэхэд санхүүгийн тусламж үзүүлж байна.

Монгол улс хэдийгээр төсвийн сайн системтэй болох дэвшил өөд яваа ч төрийн секторын эдийн засгийн бүрэн дүр зургийг харуулахуйц болж чадаагүй л байна. Тиймээс ЭЗЧБТТЗТ-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь төсөв бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналтын системийг боловсронгуй болгох түүний үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж байна.

Богино ба дунд хугацааны төсвийн бодлого, процедур, үйл ажиллагааг сайжруулах зорилготой хэд хэдэн дэд төсөл хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг дэд төсөл нь Төсвийн систем болно. Энэ дэд төслийн зорилго нь төсвийн байгууллагууд болон төсвийн мэргэжилтнүүдэд төсөв бэлтгэх үйл ажиллагааг автоматжуулах, бусад дэд төслүүдийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн төсвийг илүү сайн бэлтгэхэд нь туслах, төсөв бэлтгэх дараагийн үеийн автоматжуулсан системийг байгуулах явдал юм. Ингэснээр бүх төсвийн байгууллагууд өөрсдийн төсвийг бэлтгэн холбогдох дээд байгууллагуудаар батлуулах, төсвийнхөө үе шат бүрийг хянах бололцоог бүрдүүлнэ.

Төсвийн төлөвлөлтийн үйл явц

Монгол улсын  төсөв нь улсын хэмжээнд 5000 орчим төсвийн байгууллагуудыг хамардаг. Төсвийн байгууллага тус бүр жил бүрийн 7 сарын 1-ний дотор өөрийн байгууллагын төсвийн төслийг бэлтгэн удирдах дээд байгууллагууддаа (байгууллагуудын шатлалаас хамааран улсын төсвийн байгууллагууд ерөнхийлөн захирагч яамд, агентлагуудынхаа төсвийн газарт, орон нутгийн төсвийн байгууллагууд аймаг, сум, хот, дүүргийн төсөв, төрийн санд)   өргөн барина. Эдгээр төсвийн төслүүд нь дээд байгууллагад нэгтгэгдэж харьяа дээд байгууллагуудад хүргэгддэг.

Төсвийн үндсэн циклийн диаграм


  1. Одоогийн төсвийн үйл ажиллагаа нь биет цаасан мэдээлэл дээр үндэслэгдсэн ихээхэн гар ажиллагаатай бөгөөд цөөн хэсгийг нь автоматжуулсан байдлаар явагдаж байна. Төсвийн баримтуудад гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх шаардлагатай байдаг. Ихэнх тохиолдолд эдгээр цаасан баримтуудыг электрон хүснэгт хэлбэрээр бэлтгэсэн электрон хувилбар дагалддаг. Төсөвт байгууллага тус бүр Сангийн яамнаас өгч буй зааварчилгааны дагуу экселийн хүснэгтийг төсөв бэлтгэхдээ ашигладаг. Эдгээр хүснэгтүүдийг хэвлэн, цаасан хэлбэрээр (хууль журмын дагуу) заримдаа экселийн файл болох электрон хэлбэрээр өгдөг. Энэхүү төрөл бүрийн цаасан болон электрон хэлбэрийн файлуудыг нэгтгэх ажил нь тухайн байгууллагын төсвийн ажилтанд (аймгуудын Санхүү Эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, яамны төсвийн мэргэжилтэн гэх мэт) оногддог. Төсвийн байгууллагууд нь төсвөө гар бичмэл хэлбэрээр бэлдэж байгаа нь эдгээр байгууллагуудын компьютерүүд, туслах тоног төхөөрөмжүүд (принтер г. м.) эсвэл ажиллах хүчний сургалт зэрэг нь хангалтгүй, сайжруулах шаардлагатай байгааг илэрхийлж байна.
  2. Одоо ашиглаж байгаа төсвийн төлөвлөлтийн Fiscal програм хангамж нь төсвийн мэргэжилтнүүд тэдгээрийн хамрах хүрээний төсвийн байгууллагуудын төсвийг оруулах, нэгтгэх тусдаа бие даасан систем юм. Зарим яамд болон аймгуудад энэхүү програм хангамжийг ашиглан нэгтгэлийн ажлыг гүйцэтгэдэг. Ингэснээр Сангийн яаманд төсвийн мэдээллийг агуулсан электрон хэлбэрийн файлуудыг дамжуулах боломж бүрддэг. Одоогоор ерөнхийлөн захирагчид болон удирдах байгууллагууд сангийн яаманд Fiscal-ийн өгөгдлийн санг дамжуулдаг боловч зарим нь цаасаар авчирсан материалыг системд оруулдаг.
  3. Өнөөгийн төсөвлөлтийн үйл явц нь засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системээс (төрийн сангийн систем) өөр код бүхий жагсаалт ашиглаж байгаагаас төсвийн дансуудыг хооронд нь уялдуулах асуудал мөн үүсэн гардаг.
  4. Хэдийгээр төсвийн бүх үйл ажиллагааг төсвийн хууль болон бусад баримтаар зохицуулан хийдэг боловч ялангуяа доод төвшинд төсөв зохиоход ашиглах стандарт хэрэгсэл байхгүй байна. Төсвийн байгууллага тус бүр өөр өөрийн электрон хүснэгт байгуулдаг ба зарим тохиолдолд анхан шатанд гараар бичсэн баримтыг ч хэрэглэж байна.

Сангийн яамны мэдээллийн технологийн дэд бүтэц

Сангийн яам нь Улаанбаатарт байрладаг салбарын яамд, Улаанбаатар хот болон дүүргийн төвүүдтэй шилэн кабелийн сүлжээгээр мөн аймгуудын төв болон зарим сумдтай сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар холбогддог. Нийтдээ Сангийн яам бүх салбарын яамд,  Улаанбаатар хот, дүүргүүд, бүх аймаг, сумдтай өндөр хурдны шилэн кабель болон утасгүй сүлжээ, ихэнх сумдтай сансрын холбооны (VSAT) сүлжээ байгуулан  холбогдон ажилладаг.

Төр засгийн бүх байгууллагууд өндөр хурдны нэг сүлжээтэй байж түүгээрээ дамжуулан мэдээлэл солицох, интернетэд холбогдон, сүлжээ үүсгэх хэрэгцээтэй байна.