ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж, урьдчилсан байдлаар мэдэгдэл гаргалаа

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу Монгол Улсын 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг, Хөтөлбөрийн дараах мониторингийн ажлын хэсгийн мэдэгдэл

Олон Улсын Валютын Сангийн Стивен Барнеттаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ирж, Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг, Хөтөлбөрийн дараах мониторинг хийлээ. Ажлын хэсэг энэ удаа өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлж дууссан Стэндбай хөтөлбөрийн дараахь макро эдийн засгийн байдал, бодлогын асуудлаар Монгол Улсын төр засгийн байгууллагууд, хувийн хэвшил, судлаач эрдэмтэдтэй уулзаж ярилцан, санал бодлоо солилцлоо. Айлчлалын төгсгөлд ноён Барнетт дараах мэдэгдлийг хийв. Үүнд:

“Монгол Улсын эдийн засаг эрчимтэй сэргэх шатанд орж, эдийн засгийн өсөлт энэ онд 10 гаруй хувьтай гарах төлөвтэй байна. Энэхүү өсөлт эрдэс баялгийн экспортын өсөлт үргэлжилж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимжин, төсөв ихээхэн тэлсэний үр нөлөөгөөр бий болно. Инфляци хэдийнээ хэт өндөр түвшинд хүрч, оны эцсээс өмнө 20 хувьд хүрч болзошгүй байгаа нь эдийн засаг хэт халж байгаагийн дохио болж байна.

“Улсын нэгдсэн төсвийн зарлагыг энэ онд асар ихээр өсгөсөн нь эдийн засгийн ашиг тусаас илүү хор хохирол дагуулах болно. Төсвийн зарлага эдийн засгийн эрдэс баялгийн бус салбарын гуравны хоёртой тэнцэж, энэ онд 35 хувиар өсч байгаа нь дотоодын эрэлтийг үйлдвэрлэлээр хангах боломжтой хэмжээнээс хэтэрч тэлж байна. Ингэснээр, төсвийн зарлагыг өсгөсний шууд үр дүн нь өсөн нэмэгдэж байгаа инфляцид залгигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг шахан зайлуулах болно. Мөн түүнчлэн, төгрөгийн бодит ханшийн чангаралт хурдацтай явагдсанаар импортыг тэтгэж, дотоодын үйлдвэрлэгчдэд хор хохирол учруулна. Инфляци ийнхүү өндөр түвшинд хүрэх, нэн ялангуяа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн дээр төвлөрөх нь ядууст гойд хүнд тусдаг болохыг олон улсын туршлага харуулж байна. Иймд 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, зарлагыг үлэмж хэмжээгээр танах шаардлагатай байна.

“Энэ оны нэгдсэн төсвийн зарлагыг хэрвээ танахгүй бол мөнгөний бодлогын үр дүн хязгаарлагдмал байх болно. Ямартаа ч, төв банк инфляцийн эсрэг илүү урьтаж арга хэмжээ авч, хүүг шууд өсгөх замаар мөнгөний бодлогыг хатууруулах орчилын суурийг нэн даруй тавих нь зүйтэй. Төв банкны бодлогын хүү бодит утгаараа аль хэдийнээ сөрөг байгаа бөгөөд инфляци нэмэгдэхийн хирээр сөрөг утгын хэмжээ улам бүр ихсэх болно.

“Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд уян хатан ханшийн тогтолцоо үр дүн сайтай байж, гадаад валютын нөөц түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Цаашилбал, өнгөрсөн онд төгрөгийн нэрлэсэн ханш чангарсан нь зах зээл дээрх эх үүсвэрийн хэмжээг багасгаж, инфляцийн өсөлтийг бууруулахад нөлөөлсөн. Цаашдын байдлыг харахад, Монгол Улсын эдийн засагт уян хатан ханшийн тогтолцоо нэн тохиромжтой хэвээр байх болно.

“Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нийт монголчуудад хөгжил цэцэглэлт авчирах боломж бүрдэх учраас Монгол Улсыг эдийн засгийн гэрэлт ирээдүй хүлээж байна. Гэхдээ хөгжил цэцэглэлт гарцаагүй бий болно гэх баталгаагүй учраас юуны өмнө хэд хэдэн бүтцийн шинэчлэл хийх нь зүйтэй. Тэргүүн ээлжинд зорилтот бүлэгт чиглэсэн ядуурлын тэтгэмжийн тогтолцоог бий болгож, макро эдийн засгийн бодлогод сахилга батыг чанд сахих нь чухал. Тухайлбал (1) төсвийн зарлагыг өсгөх дарамтыг бууруулж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрэлтгүй мөрдөх; (2) мөнгөний бодлогыг инфляцийг хазаарлахад чиглүүлэх, түүний дотор үнийн хөөрөгдөл үүсэхтэй зэрэгцээд хүүгийн түвшинг цаг алдалгүй өөрчлөх; (3) уян хатан ханшийн тогтолцоог үргэлжлүүлэх; (4) зохистой харьцааны журам заавар, хяналт шалгалтыг хэрэгжүүлэн банкны системийг хамгаалах. Эдгээр бодлогыг хослуулан хэрэгжүүлснээр Монгол Улсад эрдэс баялгаас эдийн засгийн өндөр, тогтвортой, тэгш өсөлтийг бий болгох нөхцөл бүрдэх болно.

“Монгол Улсын эрх бүхий байгууллагууд болон төрийн бус салбарийн төлөөллүүд ажлын хэсгийг найрсаг дотноор хүлээн авч, яриа хэлэлцүүлгийг илэн далангүй, үр бүтээлтэй өрнүүлсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.”

Доорх линк дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг татан авна уу.

Press Release Mongolia 02-01-11 ENG

Press Release Mongolia 02-01-11_MON

Preliminary Conclusions of the 2011 Article IV Mission DRAFT