2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын тухай

Энэ 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аар батлагдлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 81.0 хувийг барилга угсралтын болон өргөтгөл шинэчлэлийн ажилд, 7.4 хувийг их засварын ажилд, 11.6 хувийг төсөвт байгууллагуудын тоног төхөөрөмж худалдан авах зардалд тус тус зарцуулна. Шинээр эхлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт барилга угсралтын ажилд эзлэх хувь 39.7, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувь 32.2 хувь болж байна.

Урьд онуудаас он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний нийт барилга угсралтын ажилд эзлэх хувь 60.3, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувь 48.8 хувь болж байна.

Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 44.1 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 13.9 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, 10.0 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 10.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулахаар эх үүсвэр батлагдлаа.

Энэ 2011 онд аймаг тус бүрт улсын төсвөөс дунджаар 800.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тооцож орон нутгийн хөрөнгө оруулалтын зардалд 16.8 тэрбум, орон нутгийн авто замын сангийн санхүүжилтэд 4.0 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөгдлөө.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч тулгамдсан олон асуудал бодитой байсаар байгаа тул ирэх онд 79.0 тэрбум төгрөгийг нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтад зарцуулах эрхийг олгов. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтад 6.7 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулна.

Цаашид орон нутгийн бие дааж хөгжих нөхцлийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвөөс хараат бус байдлыг багасгахад орон нутгийг жигд хөгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, орон нутгийн татварын идэвхи санаачлага зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж байх юм.

Засгийн газрын  2010 оны 88 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийн индексийг тооцох аргачлалыг баталсан бөгөөд жил бүр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хөгжлийн индексийг тооцон гаргаж нийтэд мэдээлж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он онцлог жил болж байгаатай холбогдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө салбаруудаар авч үзвэл:

1.  Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт

Эрчим хүчний хангамж, найдвартай ажиллагааг сайжруулах, цахилгаан, дулааны хүч чадлыг нэмэгдүүлэх, аймгуудын дулааны станцыг шинэчлэн иргэдийг дулаан, хэрэглээний халуун усаар хангах, дулааны цахилгаан станцуудын техник, технологийг шинэчлэх зэрэг чухал ач холбогдолтой төсөл арга хэмжээг 2011 онд авч хэрэгжүүлэхээр тооцож, нийт 65.6 тэрбум төгрөгийг төсөвлөгдлөө.

Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор дулааны 3,4 дүгээр цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Дорнод, Даланзадгадын дулааны цахилгаан станцуудын техник, технологийн шинэчлэлтийн ажлыг дуусган ашиглалтад оруулна.

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 210 мянган тн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд захын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дээшлүүлэх, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний өргөтгөл, шинэчлэл болон цахилгаан хангамжийн кабель шугамыг өргөтгөн шинэчилнэ.

Энэ онд Өмнөговь аймгийн Тавантолгой-Даланзадгад, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Өвөрхангай аймгийн Богд, Дорнод аймгийн Матад сумын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажлыг эхлүүлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн голын 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажлыг үргэлжлүүлнэ.

Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан Говь-Алтай, Завхан аймгийн 21 сумын төвийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох үлдэгдэл хөрөнгийг олгоно. Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал барихтай холбогдуулан 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барихаар тооцож ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан, шугамын ажлыг 2011 онд эхлүүлэхээр тооцоод байна.

2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт

Авто зам, тээврийн салбарт 2011 онд нийт 166.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэх бөгөөд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Мянганы зам” төсөл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын авто замын сүлжээг дунд хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон Азийн хөгжлийн банк, Кувейтийн сан болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээр Монголын талын хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэгдэж байна.

Энэ онд Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлд 60 км, Хархорин-Цэцэрлэгийн 29.9 км, Хархорин-Хужиртын 16.4 км, Халзанбүргэдэй /Тариат/-Солонготын даваа чиглэлийн 100 км, Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км, Баянхонгор-Арвайхээрийн чиглэлд 27 км, Баянхонгор-Нарийнтээлийн чиглэлд 50 км, Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 50 км, Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 53 км хайрган замыг хатуу хучилттай болгох ажлуудыг дуусгах зорилт тавьж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүллээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Бөхмөрөн голын 60 у/м модон гүүр, Туул голын Горхийн 211 у/м төмөр бетон гүүр, Улиастайн голын 97 у/м  төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулна.

Завхан аймгийн Их-Улын сумын Идэрийн голд 163.08, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хэрлэнгийн голд 211.2, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн голд 350.0, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Сагсайн гол, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Орхон голд 200.0 у/м төмөр бетон гүүрийн ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Сэлэнгэ мөрний Сацын булан, Цагааннуур сумын Хогоргын гол, Ренчинлхүмбэ сумын Шишигтийн голд хөвдөг гүүр баригдахаар төлөвлөгдлөө.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, Хатгал-Ханх чиглэлийн 80 км, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын ажлыг 2011 онд үргэлжлүүлэн, хөрөнгийг УИХ-н 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу ажил гүйцэтгэсний дараа төлбөрийн асуудлыг шийдэхээр төлөвлөгдлөө.

Энэ онд АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сайншанд-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай зам, Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам, Германы сэргээн босголт банкны зээлээр хэрэгжүүлэх “Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл” -н 32.0 км хатуу хучилттай авто зам /Төв аймгийн Борнуур, Жаргалант сум/ -ын ажил хийгдэнэ. Түүнчлэн, Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төмөр зам дээр баригдах гүүрэн гарц, АХБ-ны буцалтгүй тусламжаар  хэрэгжүүлэх “Орон нутгийн иргэдийн оролцоотойгоор баруун бүсийн туслах зам барих төсөл”-н ажил үргэлжлэн хийгдэх юм.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл”-н Манхан-Ховдын 85,3 км, Өлгий-Хашаатын давааны 60 км хатуу хучилттай замын ажил, Кувейтын  сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилнэ.

Дотоодын хөрөнгө оруулалтаар Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлд 30 км, Улиастай-Донойн хөндий чиглэлд 35 км, Сайншанд-Хамрын хийд чиглэлд 42 км болон Мөрөн-Тэрхийн цагааннуур, Улаангом-Хяргас нуур чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөлөө.

Аймгийн төвүүдийн авто замыг шинэчлэх, засах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх онд Ховд, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Булган, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сүхбаатар аймгийн төвүүдийн авто замын шинэчлэлтийн ажил эхэлнэ.

Төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд ажил хийгдсэн зам, гүүрийн барилгын ажилд 10.5 тэрбум төгрөгийн үнийн зөрүүг энэ онд олгохоор боллоо.

Энэ онд Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймагт нисэх онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, зурвасын хүчитгэлийн ажил дуусч ашиглалтад орох бөгөөд иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх зорилгоор газрын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх, бодит ажиллалтын системийг суурилуулах ажлыг ээлж дараалалтай хийж эхлэхээр төлөвлөгдлөө. Мөн Орхон, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймагт авто үйлчилгээний төвүүд баригдана.

Барилга, орон сууц, нийтийн аж ахуй, газрын харилцааны салбарт 2010 онд эргэн төлөгдөх нөхцлөөр эхлүүлэн он дамжин баригдаж байгаа Барилгын хийц, бүтээц,сорил шинжилгээний лаборатори, Улаанбаатар хотын Багануур дүүргийн Цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлт, Баянгол дүүргийн 22-р коллекторын бохир усны шугамын өргөтгөл,шинэчлэлт,Ховд аймгийн Алтай сумын дулаан, цэвэр бохир усны шугам, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг, төнөг төхөөрөмж суурилуулах, Өвөрхангай аймгийн Хархорин сумын инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, Дундговь аймгийн Мандалговь хотын Олгойн говийн цэвэр усны шугамын  шинэчлэлт, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зээгийн хөтлийн цэвэр усны шугам, Дархан хотын үерийн хамгаалалтын далангийн ажил, Төв аймгийн Зуунмод сумын цэвэрлэх байгууламжийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажлуудыг  дуусгана.

АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбар төсөл”-ийн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймгийн Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн ажлууд хийгдэнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Улаанбаатар хотын “Орон сууцны хороолол”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” зэрэг томоохон төсөл арга хэмжээнүүд хэрэгжинэ.

Газрын харилцаа, геодези зураг зүйн чиглэлээр GPS станц байгуулах, байр зүйн зураглал хийх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэгийг солбицуулах  баталгаажуулах, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

3. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын хөрөнгө оруулалт

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг ханган биелүүлэх, салбарын хөгжлийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлого чиглэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт 54.5 тэрбум, нийгмийн хамгааллын салбарт 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр батлагдлаа.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээг олон түмэнд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор эмчилгээ үйлчилгээний стандарт шаардлага хангасан зориулалтын барилга байгууламжаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг ээлж дараалалтай хангах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөгдлөө.

Хөвсгөл аймагт 50 ортой төрөх эмнэлэг, Хэнтий аймагт 30 ортой халдварт, 20 ортой уламжлалт анагаах ухааны эмнэлгийг тус тус ашиглалтад оруулж Улсын клиникийн 3 дугаар нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, Яаралтай түргэн тусламжийн төвийн салбарын барилга, Увс аймгийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг дуусгана. Мөн хөдөөгийн 30 гаруй суманд шинэ эмнэлэг барих буюу өргөтгөх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.

Энэ оноос клиникийн 1 дүгээр эмнэлгийн өргөтгөл, ахмад настны эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, Улаанбаатар хотын 300 ортой төрөх эмнэлэг, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Баянхонгор аймагт халдвартын эмнэлэг, Говьсүмбэр, Булган, Завхан, Говь-Алтай, Дорноговь аймагт төрөх эмнэлэг, Дундговь, Дорнод аймагт уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын ажил явагдана.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний бааз суурыг өргөжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 онд Булган аймагт спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулахын хамт Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэг, Сүхбаатар аймагт спорт цогцолборын барилгын ажил үргэлжлэн явагдана.

Дорнод, Сэлэнгэ аймгуудад спорт цогцолбор, усан бассейн, Дархан-Уул аймагт 200 хүний суудалтай спорт цогцолборыг барьж эхэлнэ.

Улаанбаатар хотын клиникийн томоохон эмнэлгүүд болон аймаг, сумдын эмнэлгийн барилгад их засвар хийх, нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ээлж дараалалтай хангахаар төлөвлөж, шаардагдах хөрөнгийг батлууллаа.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд 2011 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт өрхийн эмнэлэг ашиглалтад оруулахын хамт Архангайн Тариат сумын эмнэлгийн барилгад их засвар хийнэ.

Асран хамгаалах хүнгүй, гэр оронгүй хүүхдийн сурч боловсрох нөхцлийг хангах зорилгоор Хүүхэд, хөгжил хамгааллын төвийн барилгыг нийслэлд худалдан авахаар төлөвлөж,  нийслэлд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн барилга, Нордикийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эхлүүлсэн Хөдөлмөрийн биржийн барилга, Ховд аймагт Ахмадын өргөөг тус тус ашиглалтад оруулахаар эх үүсвэрийг батлууллаа.

4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт

Энэ 2011 онд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсвийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 87.1 тэрбум төгрөг байна.

Улсын хэмжээнд 755 ерөнхий боловсролын сургуульд 522,066 хүүхэд суралцаж байна. Суурь боловсролын хамран сургалт 92.4 хувьтай, цэцэрлэгийн насны хүүхдийн 59.4% нь цэцэрлэгт (хотод 54.4%, хөдөөд 62.9%) хамрагдаж байна. 2009-2010 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 158 бүлэгт 5,483 хүүхэд 3 дугаар ээлжинд хичээллэж байгаа нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс 12 бүлэг, 369 хүүхдээр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны барилгын 20 хувь, цэцэрлэгийн барилгын 25 хувь нь хичээл сургалт, хүмүүжлийн ажлыг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй зориулалтын бус байранд явуулж байна.

Өдрөөс өдөрт хот суурин газарт хүн амын төвлөрөл бий болж улмаар төв суурингийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүчин чадал хүрэхгүй, нэг ангид олон хүүхэд хичээллэх, хүүхэд сургууль цэцэрлэгээс завсардах, сургалтын хичээллэх орчин бүрдэхгүй, хүрэлцэхгүй байгаа тул сургууль, цэцэрлэгийн барилгуудыг өргөтгөх, шинээр барих, их засвар хийх шаардлагатай байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 оны хичээлийн жилд шинээр 17 хичээлийн байрыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 5900 суудлаар, 10 дотуур байрны барилгыг ашиглалтанд оруулж дотуур байрны орны тоог 1465 ороор, 32 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж цэцэрлэгийн орны тоог 2830 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.

5. Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн салбар:

Монгол Улсын Засгийн газраас Мэдээлэл, харилцаа холбооны технологийг нийгэм, эдийн засгийн хүрээнд бүтээлчээр нэвтрүүлэх зорилт тавин “Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл”-ийнхээ нэг болгон зарлаж тус салбарт зах зээлийн өрсөлдөөнт орчныг нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөөр ирсэн.

Тус салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд 7.4 тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд ирэх онд Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү үе шаттайгаар шилжүүүлэх ажлыг эхлүүлнэ. Хиймэл дагуулаар дамжуулсан телевизийн нэвтрүүлгийг тавган антеннаар хүлээн авч, аймаг сумын төвд суурилагдсан 373 ширхэг аналог дахин дамжуулагчаар тоон телевизийн нэвтрүүлэгчээр сольж, Монгол Улсад тоон радиогийн шинэ сүлжээ үүсэх юм.

Эдгээр төслийн хүрээнд Шууданд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, хөдөө орон нутагт хүргэх мэдээлэл, холбооны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлэх телецентр нэг цэгийн үйлчилгээний төв бий болгох, Цахим мэдээллийн аюулгүй байдлын анхааруулга, мэдээллийн систем байгуулах, Цахим засаглалын e-gov.mn хөтөлбөр боловсруулах, Цахим агуулгыг хөгжүүлэх систем байгуулах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, мэдээллийн сан, техник технологийн дэд бүтэц бүрдүүлэх зэрэг төсөл хэрэгжүүлнэ.

6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар:

Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 14.8 тэрбум төгрөг, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө  оруулалтад 24.0 тэрбум төгрөгийг зарцуулна.

Хөдөөгийн хүн ам, мал, амьтны усан хангамжийг сайжруулах, шинэ бэлчээр эзэмших зорилгоор инженерийн хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг гүйцэтгэхэд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

“Атрын III аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж сүүлийн 16 жилд аваагүй арвин их ургац хураан авсан, хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон зэрэг амжилтаа бататгаж, цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлэхийн тулд салбарын хөрөнгө оруулалтыг 2010 оны түвшнээс бараг 2 дахин нэмэгдэж батлагдлаа.

Газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах үтрэм, агуулах болон төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй байгуулах, услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, ус хуримтлуулах боомтын барилга барих болон газар тариалангийн техник, технологийн шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл чухал байр эзэлсэн хэвээр байна. Цаашид эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд 2011 онд Үйлдвэрлэл технологийн парк байгуулах, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж барих, хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, салбарын байгууллагуудын чадавхийг сайжруулах төсөл арга хэмжээнүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх юм.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын салбар:

Байгаль орчин аялал жуулчлалын салбарын 2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээнүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Байгаль орчны сайдын 2007 оны 138 дугаар тушаалаар баталсан “Хөтөлбөрийн дунд шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Ус, цаг уур, орчны-хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаар хамгаалах хөтөлбөр”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Усны шинэтгэл-ХХI” үндэсний хөтөлбөр, “Ус хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд үндсэндээ чиглэгдэж байна.

Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилгоор 2011 онд Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Архангай, Увс, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр усан хангамжийн эх үүсвэрийн гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж, ашиглах боломжтой усны нөөцийг тогтооно. Хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй хог хаягдлын төвлөрсөн цэгийг Говь-Алтай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Баян-Өлгий, Булган, Баянхонгор, Говь-сүмбэр зэрэг аймгуудад байгуулна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын материаллаг бааз, техник хэрэгслийг сайжруулах, Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээнд технологийн шинэчлэл хийх, байгаль цаг агаарын гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх чадавхийг дээшлүүлэх ажил хийгдэнэ.

8. Хүүхдийн төлөө байгууллага:

Хүүхэд, өсвөр үеийхний хүмүүжил төлөвшилд анхаарах асуудал хурцаар тавигдаж, НҮБ-аас 2011 оныг дэлхийн залуучуудын жил болгон зарласан бөгөөд энэ жил хүүхдийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Энэ 2011 онд Хөвсгөл аймгийн хүүхдийн ордон, Ховд аймгийн хүүхэд, залуучуудын  паркийг ашиглалтад оруулахаар тооцож байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн хүүхдийн ордны барилгыг эхлүүлнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн сарын хуваарыг доорх холбоос дээр дарж татан авна уу:

2011 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн сар, улирлын хуваарь