Төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга

Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2009 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль,  тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 151-т “Төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцаа, орон нутгийн эрх мэдэлтэй холбогдсон асуудлыг боловсронгуй болгох” талаар тусгасан.

Энэ хүрээнд Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн үндсэн үзэл санааг өөрчлөхгүйгээр төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулийн хүрээнд зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэж, засан сайжруулах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа болон шинээр хуульлан зохицуулах зайлшгүй шаардлагатай дараах харилцааг хуулийн төсөлд тусгасан. Үүнд:

  • улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх болон гүйцэтгэлд нь хяналт тавих,
    төсөв, санхүүгийн нэгдсэн удирдлагыг хангахад чиглэгдсэн мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлага, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, дотоод аудит,
    төсвийн ил тод байдлыг хангах,
    төсвийн хариуцлага, сахилга бат, тогтвортой байдал,
    төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хоорондын уялдаа,
    төсвийн зардлын хязгаарыг төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлж мөрдүүлэх,
    төсвийн ерөнхийлөн захирагчдад зохистой хэмжээнд төсөв, санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх,
    төсвийн ангилал, бүрэлдэхүүнийг тодорхойлсон хуулийн нэр томъёог нэг мөр болгох;
  • төсөв түүний бүрэлдэхүүнд орлогыг бүрэн хамруулж, бүх орлого зарлагыг төсөвт хамруулах асуудал, тухайлбал, өөрийн орлого, төсвийн гадуурх сангууд, болзошгүй эрсдэл, баталгаа, амлалт зэргийг төсөвт тооцдог төсвийн иж бүрэн байдлыг хангах;
  • төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх үүргийг өргөтгөж салбарын бодлого төлөвлөлттэй уялдсан, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх асуудал;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийг эдийн засгийн ангилалаар харин Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд хөтөлбөрийн шинжтэй (бүтээгдэхүүн) ангилалаар хуваарилах агуулгатай заалт байгааг өөрчлөн нэг хуулийн хүрээнд нэгтгэж, эдгээр ангиллыг хослуулсан төсвийн оновчтой бүтцийг бий болгох асуудал;
  • Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд төсвийн үйл ажиллагаанаас илүүтэй төсөвт нэгж, байгууллагын удирдлага зохицуулалтыг хэт нарийвчилсан зохицуулсанаар хэрэгжилтийн явцад шинэчлэлийн хүчин зүйлсийг  сайжруулахад уян хатан хандах боломжийг багасгаж байгааг анхаарч, оновчтой зохицуулах асуудал;
  • орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн байдлаар зохицуулж санхүүжилтийг  хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгааг зохистой зохицуулах асуудал;
  • орон нутаг болон төвлөрсөн төсвийн одоогийн  харилцаа нь эдийн засгийн шилжилтийн эхэн үед төсвийн зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зайлшгүй шаардлага, ойрын жилүүдэд ч энэ зарчмыг хадгалах нь үр дүнтэй байж болох ч  улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг болон орон нутгийн төсөвт орох татварын уян хатан оновчтой зохицуулалт хийх асуудал;
  • чадавхи болон хэрэгцээнд үл тохирсон, өнөөгийн нөхцөлд хэрэгжих магадлал багатай аккруэл сууриар төсөвлөх, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, улсын салбарын удирдлагын үр дүнгийн гэрээний үнэлгээг төсөвтэй холбосон зэрэг нь бодит байдал дээр нэр төдий байдалтай байна. Тухайлбал, яам, агентлаг, төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсөвтэй бодитой уялддаггүй, төсвийн хөрөнгө нь үр дүнд чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээс илүүтэй тухайн салбар, байгууллагын зардлыг санхүүжүүлэхэд чиглэгддэг зэргийг анхаарч өөрчлөхөөр тусгасан.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх зарим төрлийн металлын үнийн өсөлтийн улмаас төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Төсвийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр богино хугацаанд хүрэлцээтэй байсан боловч нийгмийн шинжтэй зарлага хэт хурдацтай нэмэгдэж, энэ нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, инфляцын хүлээлт, импортын өсөлтийг бий болгох, дотоодын үйлдвэрлэл буурахад нөлөөлж, улмаар эдийн засгийн хэт халалт бий болох зэрэг сөрөг үр дагавар үүсэх хандлагатай  байна.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн хүрээг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн таамаглал, шинээр ашиглаж эхлэх ашигт малтмалын орд газрууд, үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн хандлагад тулгуурлан төсвийн орлогын боломжийг тодорхойлох, улмаар нийт эдийн засагт үзүүлэх төсвийн зарлагын нөлөөлөл, мөнгө болон сангийн бодлогын уялдааг хангах замаар төсвийн алдагдлын зорилтот түвшин, зарлагын хэмжээг шинэ зарчмаар тооцоолох шаардлага гарч байна. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх хямрал, төсвийн орлогын бууралт нь төсвийн тогтолцооны үр ашигтай байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагыг зүй ёсоор бий болгож байна.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд тодорхойлсон гол элементүүд болох төсөвлөлт бодлогын уялдаа, төсвийн санхүүжилтийн үр дүнгийн хариуцлага, дунд хугацааны төлөвлөлтийн зарчим, төсвийн процессын журам зэрэг нь төсвийн тогтолцоо, бодлого, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл тэдгээрийн харилцаанд шинэлэг, үр ашигтай байдлыг нэвтрүүлснээрээ чухал ач холбогдолтой болсон байна. Харин байгууллагын түвшинд төсвийн зохицуулалт, эрх мэдлийн хуваарилалтыг хэт нарийвчлан заасан, бүтээгдэхүүн гэрээлэлт, үр дүнгийн гүйцэтгэлийн удирдлагыг сайтар тооцолгүй нэвтрүүлсэн зэрэг нь уг хуулийн харилцаанд оролцогч талуудын санал шүүмжлэлд  байнга өртөх болоод байна.

Нэгдсэн төсвийн тухай хууль нь төсвийн бүрэлдэхүүн, ангилал, санхүүжилтийн хүрээ зэрэг улс орны төсөвт байвал зохих бүрдлийг агуулсан анхны төсвийн тогтолцооны хууль боловч иж бүрэн байдал талаасаа учир дутагдалтай төдийгүй бусад улс орон олон улсад хэрэглэж байгаа аргачлал, стандартад нийцээгүй,  хэрэглэж байгаа нэр томъёо зөрүүтэй болсон байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хоёр гол хуулийг нэгтгэсэн байдлаар шинэчлэн найруулга хийх нь нэгдүгээрт, төсвийн тогтолцооны шинэчлэл хийх суурь асуудлуудад иж бүрэн, нэгдмэл, системтэй байдлаар хандаж, хэрэгжүүлэхэд дөхөмтэй болгох; хоёрдугаарт, төсвийн органик нэгдмэл байдлыг хангах замаар хариуцлагатай, үр ашигтай төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт болон хяналтын системийг бий болгох ач холбогдолтой юм.

Төсвийн тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсад төсвийн талаарх эрх зүйн орчин бусад улс орны төсвийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн адил ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийнн үүрэг хариуцлага сайжирч төсвийн сахилга бат дээшилнэ. Хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлсэнээр засгийн газрын бодлого үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэнэ.