Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан Монгол Улсын 2011 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.4-д заасан тусгай шаардлагуудыг хангасан бөгөөд 2011 оны төсөвт уг тусгай шаардлагууд хэрхэн хангагдсан талаар дэлгэрэнгүй тайлбар байдлаар авч үзвэл:

1/”Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх тусгай шаардлагын тухайд:

Монгол Улсын 2011 оны төсөвт ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийн байгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан боловсруулсан. Төсвийн орлогын 3 /гурав/ ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр төрлийн эрдэс баялагийг тооцохын тулд доод тал нь 90.0 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхүйц  хэмжээний эрдэс баялагийг тооцож авах ёстой юм. 2011 онд алтны хувьд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар хүчингүй болсноор алт олборлолтоос төсөвт төвлөрөх орлого буурч, нэгдсэн төсвийн орлогын 3 хувьд хүрэхээргүй байгаа тул гол нэр төрлийн эрдэс баялаг гэдэгт зөвхөн зэс, нүүрсийг хамруулахаар тооцлоо.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3.а дугаар заалтад “тухайн төсвийн жилийн дараахь жилийн төсвийн төсөлд баримтлах, түүний дараагийн хоёр, гурав дахь жилийн төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 12, 11, 10 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараахь гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох” гэж заасны дагуу 2011 оны төсөвт ОУВС-аас гаргасан 1998-2009 оны зэс, нүүрсний дундаж үнэ, “Bloomberg”-ээс мэдээлсэн зэс, нүүрсний үнийн 2010-2013 оны төсөөллийг дундажлан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1-д заасан “төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагыг хангасан байхаар тооцож 2011 оны төсөвт зэсийн үнийг 5983.1 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 98.8 ам.доллараар тусгалаа. Тогтворжуулалтын санд ирэх онд ойролцоогоор 183.1 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө.

Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ 2011 онд дунджаар 8425.0 ам.долларт байхаар тооцсон.

2/”Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагын тухайд:

2011 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 27.5 хувьтай тэнцүү байхаар тооцож тусгалаа. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д  заасан тусгай шаардлагыг хангаж байгаа болно.

Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт

Дээрх бодлогын баримт бичгүүд, шалгуур үзүүлэлтүүдийг баримтлахад Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий 9.9 хувь тэнцэж байна.

Үүнээс, Улсын төсвийг авч үзвэл 2011 оны Улсын төсвийн нийт орлого 2,492.3 тэрбум төгрөг, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 3.7 хувьтай тэнцэr байна.

Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг буюу 2010 оны зарлагын түвшингээс 470.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Монгол Улсын 2011 оны төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг дараахь холбоосоор татаж авна уу:

2011 төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

2011 оны төсвийн дэлгэрэнгүй тооцоог энд дарж сонирхоно уу.