Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

January 27, 2011 · Нийтэлсэн: · 1 Сэтгэгдэл   Post to Twitter

Улсын Их Хурлаар “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-ийг 2006 онд батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилтыг “Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон. Тусгай сангийн тухай хуулийг анх батлахад нийт 22 сан байсан бөгөөд  хууль батлагдснаас хойш шинээр 7 сан байгуулж нэг сан / Монгол улсыг хөгжүүлэх сан/ -г 2009 онд үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Шинээр бий болсон сангийн 3 сан / Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан/ нь тусгай хуулиар зохицуулагдах сан бол үлдэх 4 сан /Сэргээгдэх эрчим хүчний сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Орон сууц хөгжүүлэх сан, Цэвэр агаарын сан/ нь эх үүсвэрийн зонхилох хэсгийг төсвөөс санхүүжих сангийн ангилалд багтаж байна. Дээрх 29 сангаас 4 сан нь одоогоор эрх зүйн зохицуулалт нь гараагүй буюу цаг хугацааны хувьд үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Мөн олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан одоогоор байхгүй байна.

Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 23 сангаас 7 сан / Хүний хөгжил сан, Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан/ нь Улсын Их Хурал, Засгийн газраас шууд зориулалтыг нь зааж баталж нийгмийн чанартай арга хэмжээнд зарцуулдаг буюу Засгийн газраас зардал бүрийг нэг бүрчлэн  шийдвэр гаргаж зарцуулдаг бол 16 сан нь 10 төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах сан байна.

Засгийн газрын тусгай сангуудын 2010 оны нийт үлдэгдэл 423.7 тэрбум төгрөг байгаагийн 198,2 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл, 211,1 тэрбум төгрөг нь Хүний хөгжил сангийн үлдэгдэл байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 17 сангийн үлдэгдэл 9.2 тэрбум төгрөг байгаагийн 5 тэрбум төгрөг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн, 2.5 тэрбум нь бүх нийтийн үүргийн сангийн үлдэгдэл байна. 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр оны эцэс гэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах сангуудын үлдэгдэл 7.4 тэрбум төгрөг байхаар байна. / Хавсралт /

Эдгээр санд 2010 оны ХБГ-ээр 951.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх бөгөөд нийт орлогын 39.7 хувь буюу 377.7 тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө, 36.9 хувь буюу 351.6 тэрбум  төгрөг нь нийгмийн даатгалын санд төвлөрч байгаа шимтгэлийн орлого, үлдэх 222.4 тэрбум төгрөг буюу  23.4 хувь нь сангийн үйл ажиллагааны орлого буюу бусад орлого байна.   Эх үүсвэрийн  зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх Мал хамгаалах сангийн хувьд өмнө нь төсвөөс олгосон зээлийн эргэн төлөлт, Тариаланг дэмжих сангийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсвөөс олгож байгаа хөрөнгө, энэ зориулалтаар гадаад орноос манайд үзүүлсэн зээл, тусламжийн хүрээнд нийлүүлсэн бараа, техник хэрэгслэлийн борлуулалтын орлогыг өөрийн үйл ажиллагааны орлогоор бүртгэдэг сангууд байна. Иймд эдгээр сангийн орлогыг төсвийн хөрөнгөтэй адилтган үзэж болно.

Тусгай сангийн нийт зардал 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1138.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд эдгээрээс Улсын Их Хурал, Засгийн газраас шууд зориулалтыг нь зааж баталж нийгмийн чанартай арга хэмжээнд зарцуулдаг 7 сангийн зардал 993.2 тэрбум төгрөгийг хасч тооцвол 145 тэрбум төгрөг буюу 12.7 хувь нь бусад сангуудад ногдож байна.

Зардлын төрлөөр нь авч үзвэл, сангаар дамжуулан зээл олгох үйлчилгээг 6 сан гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээрээс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн аж ахуйг дэмжих чиглэлээр эцсийн дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох ижил зорилготой зээл олгож байна.

2011 онд тусгай санд нийт 1,673.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, 1,695.5 тэрбум төгрөг зарцуулна. Нийт орлогын 75.2 хувь буюу 1258.8 тэрбум төгрөг нь улсын төсөв болон Монгол улсыг хөгжүүлэх сангийн орлого болон бусад эх үүсвэр(урьдчилгаа төлбөр),  24.8 хувь буюу 414.9 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого байна.

Засгийн газрын тусгай сангийн хэрэгжилтийг сайжруулах талаар:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр салбар бүрийн хуулиар тусгай сангийн асуудлыг зохицуулж байсныг  нэгдсэн зохицуулалтад оруулсан, сангийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийн явцад хяналт тавихад тодорхой ахиц гарсан зэрэг ололттой талууд байгаа боловч хуулийн хэрэгжилтийн явцад анхааран үзэх шаардлагатай   асуудлууд гарсаар байна.

Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг төрийн санд байгаа сангийн дансанд төвлөрүүлэхгүйгээр арилжааны банкинд байгаа дансандаа төвлөрүүлж шууд зээл олгох, сангаас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний эцсийн үр дүнгийн үзүүлэлтийг бүрэн гаргадаггүй зэрэг дутагдал гарч байна. Засгийн газрын тусгай сангуудыг төрийн санд байршуулахаар хуулийн хүрээнд шийдвэрлэсэн боловч зарим сангууд хөрөнгийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад байршуулж гүйлгээ хийж байгаа байдал ч байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд байгаа сангуудыг цөөрүүлэх, үйл ажиллагааг нь оновчтой болгох, орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг бүртгэх, төлөвлөх, гүйцэтгэлийг зохих журмын дагуу хянах нэдсэн тогтолцоотой болох талаар анхаарч эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг 2011 онд багтаан хэрэгжүүлнэ.

Засгийн газрын тусгай сангуудын 2011 оны төсвийн тооцоог дараахь холбоосоос татан авна уу:

Засгийн газрын тусгай сангууд – 2011 хавсралт