Байгалийн баялаг экспортлогч улс орны хөгжилд тулгарах бэрхшээл

Пол Коллиер

Оршил

Түүхий эд экспортлогч нар эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэсэн санааг 60 жилийн өмнө Ханс Сингер анх гарган тавьж байсан. Тэрээр дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ урт хугацаанд бусад бараа, үйлчилгээний үнэтэй харьцуулахад буурна гэж үзэж байв. Эндээс хэрэв түүхийн эд экспортлогч нар өөрсдийн эдийн засгийг төрөлжүүлэхгүй бол гүнзгий бэрхшээлд орно гэсэн дүнгэлт хийсэн. Ялангуяа, түүхий эд экспортлогч нар үйлдвэржилтийг нэвтрүүлэх онцгой шаардлагатай гэж тэрээр үзсэн байдаг.

Түүхий эдийн үнэ буурна гэсэн санааг эдийн засагч биш хүмүүсийн хувьд хүлээн авахад хэцүү. Учир нь уламжлалт эдийн засгийн онолоор үүний яг эсрэг агуулгатай санааг Хотеллингийн дүрэм дэвшүүлдэг. Уг онолоор дэлхийн зах зээл дэх бодит зээлийн хүүгийн түвшнээс хамааран түүхий эдийн үнэ бусад бараа, үйлчилгээний үнэтэй харьцуулахад өснө гэж үздэг.

Сингер, Хотеллинг хоёрын хэн нь зөв байж вэ? Сингер өөрийн судалгааг 1949 онд явуулсан, иймд бидэнд дахин 60 жил түүхий эдийн үнийн мэдээлэл бий. Өнгөрсөн бүтэн зуун жилийн түүхийн эдийн үнийн мэдээлэлд тулгуурлан харахад газрын тосноос бусад түүхий эдийн хувьд Сингерийн зөв байсан байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн туршлагаас харахад түүхий эдийн үнэ урт хугацаанд ямар чиглэлд байхаас үл хамааран богино хугацаанд маш их савалгаатай байна. Өөрөөр хэлбэл ирээдүйн үр ашгийг тооцохын тулд урт хугацааны үнийн төсөөллийг шууд аван ашиглах боломжгүй. Үйлдвэрлэлийн хэмжээ зэрэг шийдвэр гаргахад найдвартай хэрэглэгдэх ганц мэдээлэл нь өнөөгийн үнийн түвшин байна.

Ирээдүйн үнийн түвшинд технологийн хөгжил ихээхэн нөлөөлдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах суурь түүхий эдийн орцын хэрэгцээ багассаар байдаг. Үнэн хэрэгтээ түүхий эдийн нөөц дуусах тухай хэвлэл мэдээллээр гардаг цочир мэдээллээс хавьгүй өөр зүйл буюу тодорхой  цаг үед үнэтэй байсан түүхий эд үнэ цэнээ алдах явдал ихээр тохиолддог. Тухайлбал, тэсрэх бодис болгон ашиглагддаг байсан нитрат нь арван есдүгээр зуунд өндөр үнэтэй түүхий эд байсан. Гэтэл цэргийн салбарт гарсан техникийн дэвшил нитратын үнийг эрс бууруулсан. Үүнтэй ижил явдал газрын тосны хувьд тохиолдоно гэж би үзэж байна. 2050 он гэхэд дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд нүүрстөрөгчийн бус эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эхэлснээр газрын тос үнэгүйднэ. Ер нь хүн төрөлхтний чулуун зэвсгийн үеэс гарсан шалтгаан нь чулууны нөөц дууссанаас болоогүй. Тиймээс газрын тос ч энэ замаар явах болно гэж би үзэж байна.

Нөөцийн хараал, түүний шалтгаан

Эдийн засгийн төрөлжүүлэх нэг шалтгаан нь түүхий эдийн урт хугацааны үнийн бууралт гэж байгаа боловч энэ нь хамгийн гол хүчин зүйл биш юм. Түүхий эдийн үнэ өндөр байх нь экспортлогчийн хувьд сөрөг талтай байх явдал бий. Миний бие Бенедикт Годеристэй хамтран түүхий эдийн үнэ экспортлогч орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийсэн (Collier and Goderis. 2007. 2008. 2009a. 2009b). Сүүлийн 40 жилийн мэдээлэлд үндэслэн түүхийн эдийн үнийн өсөлтийн богино ба урт хугацааны нөлөөллийг загварчлан гаргасан. Ингэхдээ бид түүхий эдийн үнийн прогнозыг хийх гээгүй, харин түүхийн эдийн үнэ өндөр түвшинд байсан бол экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлтөд энэ нь ямар байдлаар нөлөөлөх байсан бэ гэдэг асуултад хариулт авахыг зорьсон юм.

Бидний судалгааны үр дүнд богино хугацаанд түүхий эдийн үнийн өсөлт нь эдийн засагт ямагт өндөр өсөлтийг авчирдаг боловч хугацааг 20 жилээр авахад энэ нь үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг дунджаар өсгөх биш, харин бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, харамсалтай нь “нөөцийн хараал” гэгч нь бодит байдал байна. Гэхдээ энэхүү үр дүн нь дунджаар авсан нөхцөлд гарч байгаа бөгөөд өөр өөр нөхцөлд ялгаатай үр дүн гарч байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд нөөцийн хараал тохиолддоггүй, зөвхөн олборлох ашигт малтмалын хувьд тохиолддог байна. Гэхдээ ашигт малтмалтай байх нь нөөцийн хараалд хүрнэ гэсэн үг биш. Тухайлбал, Ботсвана гэгч Африк тивийн улс алмазын нөөцөө ашиглан ядуу буурай байдлаас дэлхийн үсрэнгүй хөгжиж буй орнуудын нэг болсон. Малайз улс байгалийн баялгаа ашиглан электрон экспортын Пенанг мужид нийгэм, эдийн засгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж хоцрогдмол бүс нутгийг дэлхийд өрсөлдөхүйц болгосон. Бидний судалгаагаар амжилтыг бүтэлгүйтлээс ялгаж буй хүчин зүйл нь засаглал гэсэн дүнгэлтэд хүрсэн. Засаглалын тодорхой түвшнээс дээш гарсан улс орнууд түүхий эдийн орлогыг урт хугацааны хөгжлийн түлхүүр болгон хувиргаж, харин тухайн түвшнээс доогуур улс орнууд үнийн өсөлт, бууралтаас хамааран уналтад ордог байна.

Яагаад түүхий эд экспортлогч орнуудад засаглал тийм чухал үүрэгтэй вэ? Чухам юу буруу хийгддэг юм бэ? Олборлосон баялгийг нийгмийн эрх ашгийн төлөө хэрхэн зориулах нь үндсэндээ тухайн орны төр засгаас шууд хамаардаг. Төрийн оролцоо тийм ч чухал биш эдийн засгийн салбарууд байдаг боловч эрдэс баялгийн олборлолтын үйл ажиллагаанд төр гол үүрэг гүйцэтгэдэг. 1980-аад онд дэлгэрсэн “төрийн бага оролцоо”-ны загвар нь нөөц баялаг ихтэй улс оронд бүхэлдээ тохиромжгүй.

Нөөц баялаг ихтэй, ядуу буурай орнуудад түгээмэл тохиолддог хамгийн эхний буруу алхам нь нээлт хайгуулын процессоос эхэлдэг. Анке Хоефлертой хамтран миний бие дэлхий нийтийн хэмжээнд мэдэгдэж байгаа хөрсөн доорх ашигт малтмалын хөрөнгийн мэдээллийг ашиглан чинээлэг буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD)-ын орнуудыг Африкийн улсуудтай харьцуулж үзсэн юм. 2000 оны байдлаар OECD-ын орнуудын газар нутгийн 1 км квадрат нь дунджаар $125.000 үнэ цэнэ бүхий хөрсөн доорх баялагтай гэсэн тооцоо байна. Гэтэл Африкт 1 км квадрат газар нутаг дөнгөж $25.000 үнэ бүхий баялагтай гэсэн байна. Энэ нь Африкт нээлт хайгуулын процесс маш муу байгааг харуулж байх талтай, үнэндээ нөөцийн хэмжээ мэдэгдэж байгаагаас даруй 5 дахин их байх магадлал өндөр. Нээлт хайгуулын процесс нь засаглалаас нэн хамааралтай, тухайлбал, хөрөнгө оруулагчид уул уурхайд нэгэнт хөрөнгө оруулсан бол тухайн өмчийн эрх нь хамгаалагдсан гэдэгт бүрэн итгэлтэй байх шаардлагатай. Гэтэл улс орны төр нь хөрөнгө оруулалт нэгэнт хийгдсэн хойно гэрээнээсээ буцах сонирхол бий. Энэ асуудлыг эдийн засагчид “цаг хугацааны зөрчил” гэж нэрлэдэг. Ялангуяа эдийн засгийн бусад салбартай харьцуулахад нөөцийн олборлолт нь тогтмол хэмжээгээр буцааж үл болох хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг тул энэ асуудал хурцаар тавигддаг.

Байгалийн баялгийн олборлолтод тулгардаг засаглалтай холбоотой дараагийн бэрхшээл нь татвар ногдуулалт байдаг. Гэрээ нь гол төлөв компаниуд болон сайдуудын хооронд нууц тохиролцоогоор хийгдсэн байдаг. Ийм тохиролцоо нь компаниуд, сайдуудад ашигтай тусах боловч улс оронд ашигтай байх тохиолдол ховор. Тухайн улсын олон нийттэй харьцуулахад компаниуд 2 төрлийн давуу талтай: нэгдүгээрт, тэд тухайн нөөцийн бодит үнэ цэнийг илүү мэднэ, хоёрдугаарт, хэлэлцээ хийлгэхээр өөрсдийн томилсон багт тавих тэдний хяналт нь олон нийт улс орны сайдуудад тавих хяналтаас хамаагүй илүү байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь ил тод дуудлага худалдааны хэлбэр бөгөөд оролцогч компаниуд өрсөлдөөний шахалтын улмаас баялгийн жинхэнэ үнэ цэнийг нээлттэй зарлахаас өөр аргагүй байдалд хүрэх юм. Үүнээс гадна татварын тогтолцоо нь өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тохирохуйц байх ёстой. Ялангуяа, дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнэ байнга өөрчлөгдөж байна гэдгийг тооцон үнэ өндөх байхад татварын хувь хэмжээ өндөх байхаар тогтолцоотой байх нь тохиромжтой. Өнөөгийн байдлаар ихэнх татварын тогтолцоо нь энэхүү нөхцөл байдлыг тооцоогүй байдгаас үүдэн үнийн өөрчлөлт гарахад гэрээг дахин шинэчлэх нүсэр, удаан процесс хийгддэг. Тухайлбал, Замби улс үнэ бага байхад зэсийн уурхайн гэрээг хийсэн байна. Татварын хувь хэмжээ нь нөхцөл байдлаас хамаарахын оронд компаниудад харин урт хугацааны татварын чөлөөлөлт олгосон байна. 2006-2008 онуудад гарсан зэсийн үнийн өсөлтийн үед эдгээр компаниуд татваргүй маш их ашиг хийсэн байдаг. Гэтэл Засгийн газар нь гэрээг шинэчлэх үйл явцыг эхлүүлэх үед зэсийн үнэ уначихсан.

Нээлт хайгуул болон татварын тогтолцоо зэрэг дээр дурдсан зүйлс нь байгалийн баялгийг хөгжлийн түлхүүр болгон ашиглахад тулгарах засаглалын “дээрээс доош” хэлбэрийн бэрхшээлүүд юм. Одоо ашигт малтмалын орлогыг зохистой ашиглахтай холбоотой засаглалын “доороос дээш” хэлбэрийн асуудлуудыг авч үзье.

Нэгдүгээр асуудал нь байгалийн баялгаас орох орлогын зарцуулалтыг өөрөөр авч үзэх ёстой, учир нь энэхүү орлого нь тогтвортой бус байдаг. Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн ёс зүйн асуудал маргаантай байдаг боловч бага орлоготой улс орны хувьд байгалийн баялгийг өөрийн өмчид байгаа эдийн засгийн хөрөнгө гэж үзэх нь хамгийн тохиромжтой гэж би хувьдаа үздэг. Энэ нь төр эдгээр байгалийн баялгийг дараагийн үед хадгалан үлдэнэ гэсэн үг биш, харин энэхүү хөрөнгөтэй тэнцэх хэмжээний үнэ цэнэ бүхий хөрөнгийг ирээдүй хойч үедээ шилжүүлэх үүргийг төр хүлээнэ гэсэн ойлголт юм. Нэгэн Замби улсын иргэн надаас “хэрэв бид зэсийн бүх орлогыг зарцуулаад дуусчихвал үр хүүхдүүддээ юу хэлэх болж байна вэ?” гэж асууж байсан. Бага орлоготой улс орны хувьд байгалийн баялгийг зүгээр хадгалаад байх нь тохиромжгүй. Өндөр хөгжилтэй улс орнууд баялгаа хадгалснаар хөгжсөн юм биш, тэд эдийн засгийн хөгжилд ашигласан юм. Өөрөөр хэлбэл, тэд байгалийн баялгийг өөр төрлийн хөрөнгө болгон хувиргаж чадсан.

Иймээс байгалийн баялгийг олборлон ашиглахдаа үүнээс төвлөрүүлэх орлогыг өөр төрлийн хөрөнгө болгон хувиргах хэрэгтэй. Байгалийн баялаг ихтэй боловч бага орлоготой улсуудын хувьд байгалийн баялаггүй, бага орлоготой улсуудтай харьцуулахад хуримтлал үүсгэх өндөр боломжтой. Гэтэл өнөөг хүртэлх баримтаас харахад байдал эсрэгээрээ байна. Байгалийн баялгаар хомс Зүүн Азийн улсууд ДНБ-ийнхээ 30-аас илүү хувийг хуримтлуулсан байхад нөөцөөр баялаг Африкийн улсуудын хуримтлал ДНБ-ийнх нь 20-иос бага хувьтай байна. Африкийн улсууд хуримтлалаа өсгөхийн тулд ихийг хийх шаардлагатай.

Байгалийн баялаг элбэгтэй байхын нэг онцлог шинж бол баялаг шавхагдаж дуусдаг, нөгөө нэг зүйл нь орлого маш хэлбэлзэлтэй байдаг. Өнгөрсөн жилийн туршлагаас харахад орлого урьдчилан таамаглахын аргагүй ихээр хэлбэлзэж байсан. Энэ нь хуримтлал үүсгэх шаардлагыг харуулж байна. Ялангуяа үнийн түвшин өндөр байх үед хуримтлалыг ихээр бий болгон үнэ буурснаар үүсэх хүндрэлийг даван гарах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Нийгэм өөрөө цаг үеийн туршлагаас суралцдаг жишээг энд дурдъя. Түүхий эдийн үнэ өндөр байсан  1970-аад оны үед ихэнх улсууд маш аюултай, буруу шийдвэр гаргасан. Хуримтлал үүсгэх нь бүү хэл, харин өсөлтийг дэмжих бодлогоор өр зээл тавин зарлагаа өсгөж байжээ. Тухайлбал, Нигери улс тухайн үед маш ихээр зээл тавьсан байсан бөгөөд 1986 онд нефтийн үнэ унахад зарлагаа бууруулах, зээлээ төлөх гэсэн давхар дарамтад унасан байдаг. Өнгөрсөн туршлагаас суралцан ихэнх улсууд саяхны түүхий эдийн үнийн өсөлтийн үед зээл тавихын оронд хуримтлал үүсгэж чаджээ. Тухайлбал, Нигери улс маань 70 орчим тэрбум ам.долларын хуримтлал бий болгосон байна. Орлогын гэнэтийн өөрчлөлтийн нөлөөг багасгах, богино хугацаанд гадаад валютын эх үүсвэрийг бий болгоход Хуримтлалын сан чухал ач холбогдолтой.

Эцэст нь хэлэхэд хуримтлуулсан хөрөнгийг юунд ашиглах нь хамгийн тохиромжтой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Түүхий эдийн экспорт нь бусад секторын экспортын бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадваргүй болгож, баялаг ихтэй улс орнуудын хувьд Голланд өвчинд нэрвэгдэх вий гэсэн болгоомжлол үндэслэлтэй юм. Хуримтлалын сангаар дамжуулан Гадаадын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж хуримтлал үүсгэсэн Норвеги улсын жишээг зарим улсууд даган Голланд өвчнөөс сэргийлэхийг оролддог. Гэвч Норвеги улсын туршлага бага орлоготой улсын хувьд тохиромжгүй байх талтай. Норвеги улсын капитал хөрөнгийн түвшин өндөр бөгөөд дотооддоо оруулах хөрөнгө оруулалтын үр ашиг тийм ч өндөр бус байх талтай. Харин бага орлоготой улсуудын капитал хөрөнгийн түвшин маш доогуур бөгөөд үүнээс үүдэн өөрийн дотоодын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ өндөр байдаг. Гадаадад бус, харин дотоодод хөрөнгө оруулалт хийх нь Голланд өвчин үүсгэх албагүй. Харин ч сайтар сонгож хийсэн хөрөнгө оруулалт нь бусад секторын экспортыг шахах биш дэмжих магадлал өндөр. Тухайлбал, бусад секторын экспортыг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлж болох юм. Үүний нэг жишээ нь Малайз улс бөгөөд Пенанг мужаа экспортын бүс болгон хөгжүүлж чадсан билээ.

Гэхдээ орлого багатай орнууд капитал хөрөнгөөр хомс байдгийн нэг шалтгаан нь хөрөнгө оруулалтын хийх процесс үр дүн муутай байдагт оршино. Хөрөнгө оруулалтын үр ашгийг өндөрсгөх хамгийн эхний алхам нь “хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулалт хийх” явдал юм. Өөрөөр хэлбэл том хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чадавхийг бий болгох явдал. Энэ хүрээнд улсын хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулах төрийн албаны чадавхийг бэхжүүлэх болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг өндөрсгөхөд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, барилгын салбарын сул хөгжил  нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд бэрхшээл саад болох магадлалтай. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Ботсвана улс дотоодын компаниудад учирч болох хүндрэлүүдийг тодорхойлон шийдвэрлэх жилийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлсэн байна. “Хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулалт хийх” нэгэн жишээ энэ юм. Харамсалтай нь өнөөг хүртэл Ботсвана шиг амжилттай хэрэгжүүлсэн улс орон бараг байхгүй байна.

Дүгнэн хэлэхэд, баялаг ихтэй улс орнуудад шийдвэрлэх том асуудал тулгарч байна. Байгалийн баялгийн орлогоор өнөөгийн хэрэглээгээ хангаж явах нь эцсийн дүндээ тогтворгүй байдал бий болгоно. Гэхдээ тэдэнд бас боломж бий. Ашигт малтмалын нөөцийн орлогоор түүхий эд экспортлогч, бага орлоготой улсыг олон талын хөгжилтэй, дундаж орлоготой улс болоход хөгжлийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой. Өнгөрсөн хагас зуун жилийн туршлагаас харахад хөгжилд хүрэх энэхүү замд саад болдог хүчин зүйл нь засаглалын буруу удирдлага байсан байна. Байгалийн баялгийг ашиглан тогтвортой хөгжлийг бий болгоход бие биенээсээ хамаарсан олон төрлийн шийдвэрүүд бүгдээрээ зөв зүйтэй байх шаардлагатай. Харамсалтай нь ихэнх тохиолдолд энэ нөхцөл хангагддаггүй.

Асуудлыг шийдэх арга зам нь ардчилал мөн үү?

Саяхны түүхий эдийн үнийн өсөлтийн үе хүртэл түүхий эд экспортлогч улсуудын хувьд олдсон томхон боломж нь 1970-аад оны үнийн өсөлтийн үе байсан. Энэ үед гарсан засаглалын алдаануудыг тухайн үеийн баялаг ихтэй, бага орлоготой улс орнууд бараг бүгдээрээ дарангуйлагчийн засаглалтай байснаар тайлбарлаж болох хувилбар байна. 1990-ээд оны үед нөхцөл байдал өөрчлөгдөж ардчилал, сонгуулийн систем дэлхий даяар тархсан. Ингэснээр байгалийн баялгийн удирдлага засаглалын нөлөөгөөр сайжирсан гэсэн тайлбар байж болох юм. Энэ бол судлахад сонирхолтой сэдэв. Саяхан Анке Хофлерийн хамт миний бие энэ талаар судалгаа явуулсан (Collier and Hoeffler, 2009). Бидний судалгаагаар байгалийн баялаг, ардчилал 2 тийм ч таарамжтай байж чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан. Байгалийн баялаг байхгүй үед дарангуйлагч засаглалтай харьцуулахад ардчилал эдийн засгийн өсөлтийг илүү бий болгодог. Гэхдээ байгалийн баялгийн тодорхой түвшнээс эхлэн энэ байдал эсрэгээрээ эргэсэн байна. Ардчиллаар замнасан улсуудын хувьд байгалийн баялгийг зохистой ашиглах бус, харин ч үүнээс орж ирэх орлого нь ардчиллыг доройтуулдаг байна. Гэхдээ эцсийн үр дүн нь бүхэлдээ найдваргүй бас биш. Ардчиллын муу нөлөө нь сонгуулийн өрсөлдөөнөөс шалтгаалж байгаа бөгөөд хяналт, тэнцвэртэй байдлыг хангалттай түвшинд тогтоож чадвал эцсийн үр дүн нь эерэг байдаг. 1990-ээд онд тархсан ардчиллын хэлбэр нь нэг тал давамгайлсан байсан бөгөөд сонгуулийн тогтолцоо нь хяналт, тэнцвэртэй байдлыг бүрдүүлж чадаагүй байсан. Сонгуулийг хаана ч нэвтрүүлж болно, харин хяналт, тэнцвэртэй байдлыг хангах тогтолцоог бий болгоход цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс өнөөг хүртэлх туршлагаас харахад байгалийн баялгийг хөгжлийн түлхүүр болгон ашиглахад бид дан ганц ардчиллын тогтолцоонд найдаж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Одоо тэгвэл юу хийж чадах вэ?

Одоо тэгвэл юу хийж чадах вэ? Бодлого, шийдвэр гаргахад нөлөөлөхийг чармайдаг онолын эдийн засагчийн хувьд би өөрийн оролцон хийж байгаа 2 төрлийн бодлогын чиглэлийг санал болгож байна.

Нэгдүгээрт, үйлдвэржилтийг дэмжсэн олон төрлийн эдийн засгийн бүтцийг бий болгох хэрэгтэй. Орлого багатай улсын хувьд орчин үеийн үйлдвэрлэлийн салбарт нэвтрэн орох нь 30 жилийн өмнө Хятад улс орж байсан үеийнхтэй харьцуулахад одоо маш хэцүү болсон. Шалтгаан нь үйлдвэржилтэд орохоор оролдож байгаа улсууд одоо Хятад улстай өрсөлдөнө. Гэтэл өнөөдөр Хятад улс хөдөлмөрийн хөлсийг бага түвшинд барихын хажуугаар өрсөлдөх чадвар өндөртэй экспортын компаниудын төвлөрлийг бий болгож чадсан. Жишээлбэл, Хятадын нэг хот дэлхийн товчны нийлүүлэлтийн 3-ны нэгийг үйлдвэрлэж байна. Товчны үйлдвэрүүд нэг газарт төвлөрснөөр тэдний өртөг буурдаг. Хэдэн жишээ дурдахад, худалдан авагч нар сонголт өргөнтэй учраас тэр хотод очиж худалдан авалт хийнэ, ингэснээр маркетингийн зардал бага болно. Мөн тусгай техник тоног төхөөрөмжийн хангамж сайн байх учраас эвдэрсэн машин техникээс шалтгаалж сул зогсох хугацаа багасдаг. Гэтэл Гана эсвэл Кени улсад товч үйлдвэрлэх компани байгуулж байна гэж бодъё. Засгийн газар нь Хятадын нэгэн адил дэд бүтцээр хангаад, ажилчид нь адил хэмжээний цалин авдаг байсан ч гэсэн дампуурах магадлал өндөр, учир нь тухайн салбарын анхны компани учраас төвлөрөл байхгүй, өртөг нь Хятадтай харьцуулахад өндөр байх болно. Өндөр хөгжилтэй улс орнууд худалдааны бодлогоо ухаалгаар хэрэгжүүлснээр Гана, Кени мэтийн улсуудад зах зээлд нэвтрэхэд нь тусалж чадна. Үйлдвэржилтэд сүүлд орж ирсэн үйлдвэрлэгч нарт хамгаалалт хэрэгтэй, гэхдээ тэдний дотоодын зах зээлд бус, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд нэвтрэхэд. Орчин үеийн дэлхийн аж үйлдвэрийн зах зээлтэй харьцуулахад тэдний зах зээл нөлөө үзүүлэхгүй, Кенийн дотоодын зах зээл нь товч үйлдвэрлэгч нарын төвлөрлийг бий болгохуйц том биш. Тиймээс тэдэнд Хятад мэтийн үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц орчинг бий болгох түр зуурын давуу эрх хэрэгтэй. Улс төрийн хувьд энэ нь хэрэгжих боломжгүй мэт сонсогдож байж магадгүй, тэгвэл би 2001 оноос хойш АНУ болон Европ энэ зарчмыг хэрэгжүүлсээр ирсэн гэдэг баримтыг дурдъя. АНУ-ын хувьд үр дүнтэй хэрэгжиж буй “Африкийн өсөлт, боломжийн баримт бичиг” (AGOA) байхад Европын хувьд тийм ч үр дүнтэй бус “Зэр зэвсгээс бусад” (EBA) гэсэн баримт бичиг байна. Энэ хугацаанд Африкаас АНУ-д нийлүүлэх даавуун эдлэлийн экспорт 7 дахин өссөн байхад Европт буурчээ. Худалдааны хэлэлцээрүүдийн гол зүйлс нь нарийвчилсан заалтуудад бий. AGOA хэдийгээр бүрэн төгс биш ч гэсэн нэгэн чухал заалт байдаг нь “гарал үүслийн дүрэм” юм. Үүгээр даавуун эдлэлийн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт шаардлага хангах албагүйгээр Африкийн компаниуд давуу эрх эдэлдэг. EBA-ийн хувьд “гарал үүслийн дүрэм”-ийг арай хатуу нөхцөлөөр тавьснаар Европт экспортлох Африкийн үйлдвэрлэлийн боломжийг хаасан. Одоо Европын хувьд энэхүү байдлыг Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээгээр засах хоёрдах боломж гарч ирж байна. Гарал үүслийн дүрмийг арай зөөлөн хийнэ гэсэн зарим шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Мэдээж, зах зээлийн давуу эрх олгосноор шинээр зах зээлд хөл тавигсдыг урагш түлхэх хангалттай нөхцөл болохгүй ч энэ нь төрөөс хэрэгжүүлэх бусад бодлогын хүчин чармайлтад түлхэц өгнө. Олон талаас дэмжлэг авч чадвал хүчин чармайлт болгон үр үр дүнгээ өгнө. Миний хамтран зохиогчоор оролцсон Аж үйлдвэрийн хөгжлийн тайлан (UNIDO)-гийн сүүлийн хувилбарын гол сэдэв нь энэ санаа юм (UNIDO, 2009).

Санал болгож буй 2 дах бодлогын чиглэл маань бага орлоготой, баялаг ихтэй улс орон байгалийн баялгийг хараал биш харин боломж болгон ашиглахын тулд бүхлээрээ зөв зохистой гаргах ёстой төрийн механизмын шийдвэр гаргалтын процесст оролцох иргэдийн ойлголт, оролцоо, мэдээллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү чухал шийдвэрүүдийг зөв зүйтэй гаргах нь ганц сайн чадварлаг сангийн сайдаас хамаарах зүйл биш. Баялагтай холбогдох төрийн шил шилээ дарсан шийдвэрүүд нь төрийн аппаратыг бүхэлд нь хамарч, цаг хугацааны хувьд шийдвэр гаргах, хэрэгжүүлэх процесс нь бүхэл бүтэн үеийг туулах хэмжээнд байдаг. Энэ чиглэлээр төрийг хариуцлагатай ажиллах нөхцөлийг хангахад мэдээлэл сайтай иргэний нийгмээс илүү субъект байхгүй. “The Bottom Billion” гэсэн номоо бичсэний учир маань миний амьдарч буй өндөр хөгжилтэй нийгэмд ч гэсэн хөгжлийн асуудлаар мэдээлэл сайтай нийгмийн оролцоо шаардлагатай байна гэсэн итгэл үнэмшил юм. Баялгийн ашиглалтын талаар ямар шийдвэрүүд гарах ёстойг тодорхойлон тогтоосон Байгалийн баялгийн гэрээ гэсэн баримт бичгийг олон улсын хэмжээнд батлах санааг уг номонд дэвшүүлэн тавьсан. Энэхүү гэрээ нь байгалийн баялгийн орлогын шударга байдлыг дэмжих зорилгоор олон улсын хэмжээнд 2003 онд хэрэгжүүлж эхэлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэмжих юм. Шударга байдал гэдгээс эхлэх нь зөв боловч төр засгийн шийдвэр гаргах ярвигтай процессыг харгалзан үзвэл үүгээр зогсох нь хангалтгүй. Энгийн хүмүүс интернетийн ачаар хамтран ажиллах боломжтой байхад олон улсын хэмжээнд энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийг хүлээж суух шаардлагагүй гэдгийг би дараа нь ойлгосон. Нобелийн шагналт Майкл Спенс зэрэг эдийн засагч, хуульч, улс төр судлаач эрдэмтдийг хамруулан бидний хэдэн нөхөд “Зарчмууд” гэсэн бүлэг үндсэн зарчмуудыг боловсруулж эхлээд байна. Эдгээр зарчмуудыг тайлбар хийх зорилгоор иргэдэд зориулсан заавар, хэрэглэгчийн гарын авлагыг боловсруулан, оролцогч талуудын санал бодлыг тусган зөвлөгөөн зохион байгуулж эхлээд байна. 5 дугаар сарын эхээр Ослогийн конференцид, мөн Дакарт Африкийн хөгжлийн банкны ээлжит хуралдаанд хэлэлцүүлсэн байгаа. Дараах вэб хаягаар орж холбогдох санал тайлбарыг үзэж болно: http://www.naturalresourcecharter.org. Байгалийн баялгийн гэрээ нь хуулийн статусгүй байгаа. Энэ нь байгалийн баялаг ихтэй нийгэм улс оронд баялгаа хэрхэн зөв ашиглахад нь туслах зорилготой оролдлого юм. Та бүхэн уг мэдээллийг олны  сонорт хүргэхэд туслаж чадна.

Дүгнэлт

Байгалийн баялаг арвинтай улс орнууд тогтвортой хөгжлийг бий болгохын тулд эдийн засгийн удирдлагын маш хурц асуудлуудтай тулгардаг. Үнэ цэнэтэй боловч тогтворгүй, нөхөн сэргээгдэхгүй баялгийг ашиглах нь өндөр хөгжилтэй орнуудад тохиолддоггүй тодорхой асуудлуудыг үүсгэдэг. Аж үйлдвэржилтэд сүүлд хөл тавих нь өндөр хөгжилтэй болон Зүүн Азийн орнуудаас өөр арга барилаар хандахыг шаарддаг. Өндөр хөгжилтэй улс орнууд орлогоор бага, байгалийн баялагтай орнуудад дээрх сорилтуудыг даван туулахад тусалж чадна, гэхдээ ингэхийн тулд өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн арга барилаа өөрчлөх шаардлагатай.